Хичээл давтах үр өгөөжтэй аргууд

0 comments
Туркийн эрдэмтэн Фатих Калкынч хүүхэд хичээлээ ямар аргаар давтвал илүү үр өгөөжтэй болох талаар зөвлөснийг танилцуулъя. Эдгээр аргыг ашигласнаар хүүхдийн чадавх хоёр дахин нэмэгдэх боломжтой ажээ. 
Бид хүүхдүүдээсээ хичээл сайн давтаж амжилт үзүүлэхийг хүсдэг. Тэдэнд үргэлж  хичээл хий гэж хэлдэг боловч яаж давтахаа мэддэг эсэхийг нь огтхон ч боддоггүй.
    Яагаад хичээл хийх ёстой вэ?
Бид хүүхдүүддээ үргэлж “хичээлээ давт” гэх ба яаж хичээл давтахыг нь хэлдэггүй. Уг нь яаж хичээл давтах ёстой вэ гэсэн асуултаас өмнө яагаад хичээл хийх хэрэгтэй байдаг юм бэ гэсэн асуултад хариулт олж, тэдэнд үүнийг тайлбарлаж өгөх ёстой юм. 

        Үргэлж давт, давт... Дөнгөж сургуульд орж байгаа хүүхдэд хүртэл тодорхой хугацааны дараа хичээл хийх нэг арга зам биш зорилго болгож эхэлдэг. Хичээлийг ойлгох биш, илүү сайн дүн авах гэж давтдаг. 

    Нэгдүгээр ангийн сурагч Онур нэгдүгээр улирлын амралтаа дуусаад хоёрдугаар улиралд хичээлдээ явахгүй гэлээ. Эцэг эх нь яагаад гэж асуухад: “Би одоо бүх зүйлийг уншиж бичиж чаддаг болсон. Яагаад явах ёстой гэж” хэмээн асууна. 
    Хүүхдүүд яагаад хичээл хийдэг юм бэ? Сургуульд явах ёстой байдаг учир, эцэг эх нь тэгж  хүсдэг учир, орчин тойрны бүх хүмүүс сургуульд явдаг учир, боловсролтой хүн илүү сайн байдаг учир... гэх зэрэг шалтгаануудыг тоочиж болно. Гэхдээ энэ нь гол шалтгаан байж чадахгүй. Хэрэв хүнд нэг ажлыг хийхэд хангалттай шалтгаан байгаа бол түүнийгээ маш сайн хийдэг. 

    Та маргааш гэхэд  амжуулах ёстой маш чухал ажилтай байвал тэр шөнө нойр чинь хүрдэггүй, тийм  үү?  
    Хүүхдүүдэд яагаад хичээл хийх хэрэгтэй байдгийг тайлбарлаж, дэмжин хөөргөж хүслийг нь төрүүлж чадвал тэдэнд хэрхэн хичээл хийх хэрэгтэйг тайлбарлаад байх шаардлагагүй юм. Учир нь амжилт гаргахыг хүсч байгаа хүүхэд хичээлээ яаж хийхээ мэддэг. 
    Дөнгөж сургуульд орж байгаа хүүхэд ч бай, их сургуульд орж байгаа оюутан ч бай, бүх оюутан сурагчид энэ асуултын  хариултыг олох хэрэгтэй юм. “Яагаад би хичээл хийх хэрэгтэй юм бэ?” “Миний зорилго юу вэ?” “Зорилгодоо хүрэхийн тулд би яах ёстой вэ?” гэсэн асуултуудад хариулт авсан сурагч залхуу байна гэж байхгүй. 

    Хүүхдүүдэд яаж хичээл хийх хэрэгтэйг тайлбарлахаас өмнө хүүхдийнхээ ирээдүйн төлөвлөгөөг хамтдаа ярилц. Хэрвээ таны хүүхдэд хичээл хийх шалтгаан байхгүй бол мэдээжийн хэрэг хийхгүй. Хийж чадах ч үгүй. 
    Нэг сурагчаас “Эцэг эх чинь чиний төлөө юу юу хийж байгааг харж байна уу. Бүхнээ зориулж байна. Чиний төлөө бүх л нөхцөлийг бүрдүүлсэн байна. Харин чи яагаад хичээлээ хийдэггүй юм бэ?” гэхэд сурагч “Би хичээл хийлээ гээд юу болох юм” гэсэн юм.
     “Миний аав хичээл хийдэггүй байсан гэсэн, зөвхөн дунд сургуулийг төгссөн. Гэвч одоо түүний удирдлага дор зөндөө олон их сургууль төгссөн хүмүүс ажилладаг юм” гэжээ.

    Толгойдоо ийм бодолтой хүнийг хэзээ ч хичээлийг нь хийлгэж чадахгүй.  Хүсвэл түүнд хувиараа гэрийн багш хөлсөл, оройжингоо тусгай хичээл аваг.  Зөндөө их мөнгө зарцуул... Энэ бүгдийг хийлээ ч тэр хүүхдийн сурлагад ахиц гарахгүй. Учир нь хичээл хийх шалтгаан байхгүй байна шүү дээ. 
    Харин зарим хүмүүст хөдөлмөрлөхөд маш олон шалтгаан байдаг. Энэ шалтгаанууд нь тэднийг ихэнх хүмүүсийн төсөөлөөгүй өндөр амжилтанд хүргэдэг.

    Олон жилийн өмнө Туркийн Трабзон мужийн Чаякара хотхонд нэгэн хүү амьдардаг байжээ. Том болоод түүний хийх ганц зорилго бол “Шарсан мах ханатлаа идэх!” байв. Яагаад гэхээр тэднийх их ядуу айл байжээ. Бага орлоготой учир дунд сургуульд сурахад ч хэцүү байв. Лицейгээ төгслөө гэхэд гэрийнхэн нь их сургуульд явуулах чадалгүй гэнэ. Аав нь маш их өртэй юмсанжээ. Нэгэн өдөр гэрт нь нэг хүн ирэв. Үлдсэн ганц хогшлыг нь авахаар ирсэн шүүхийн тогтоол гүйцэтгэгч байна гэтэл шуудан зөөгч байлаа. Шуудан зөөгчийн авчирсан дугтуйнаас их сургуулийн шалгалтын хариу гарч ирлээ. Цаасыг хартал шалгалтандаа тэнцсэн байсан ба бүр улсад нэгд жагссан байв.
    Их сургуульд улсын зардлаар суралцжээ. Төгсөөд Америкт уригдсан байна. Олон жил Америкт байж байгаад Туркэд ирээд олон төрийн байгууллагад алба хашжээ. Одоо хүртэл түүний нэрийг дурсахад хүмүүс хүндэтгэл үзүүлдэг. Маш ухаантай ажилсаг хүн гэж ярьдаг.
Автомашины осолд ороогүй байсан бол энэ улсын төлөө их юм хийх байсан гэдэг. 


    Бага байхдаа зөвхөн ханатлаа шарсан мах авч идэх мөнгөтэй болохыг мөрөөддөг байсан Аднан Кахвэжи том болоод нэг улсын сангийн сайд болж бүхэл бүтэн улсын мөнгийг мэдэлдээ авч байсан юм. Юуны учир тэр вэ? Их хөдөлмөрлөсний ачаар. Аднан Кахвэжид хөдөлмөрлөхөд хангалттай шалтгаан байсан юм, яагаад хичээл хийх хэрэгтэй вэ гэдгийг мэдэж байсан юм.

    Эцэг эхчүүд минь, хүүхэддээ “Алив миний хүү хичээлээ хий” гэж хэлэхээс өмнө түүнтэй  “Яагаад хичээл хийх хэрэгтэй“ талаар ярилц. Таны хүүхдэд хангалттай шалтгаан байвал, түүнд “Хичээл хий” гэж хэлэх шаардлага гарахгүй. Хоолны дараа удаан суух, зурагт их үзэх зэргээсээ өөрөө татгалзан “Би хичээлээ хийх ёстой” гэсэн эрч хүчээр босоод хичээлээ хийхээр явна.

    Идэвхтэй сонсох

    Сурахад хичээлийг хичээл дээр мэдэж авах нь хамгийн гол нөлөө байдаг. Үр өгөөжтэй хичээл хийх, хичээлдээ амжилт гаргах, гүйцэтгэх чадвараа хамгийн өндөр төвшинд гаргах үндэс нь идэвхтэй сайн сонсох байдаг. Хичээлийг идэвхтэй сонсохгүй бол сурч мэдэж чадахгүй, сурч мэдэж чадахгүй бол амжилт гаргаж чадахгүй.

    Идэвхтэй сонсох дүрэм

•    Ярьж байгаа хүнийхээ нүд рүү нь харж харилц

Хүүхдүүд заримдаа хичээл дээр өөр юм хийх буюу найз нөхөдтэйгээ ярьснаар анхаарал нь сарнидаг.  Багшийнхаа нүүрний хувирал, хөдөлгөөнийг харахгүй зөвхөн дууг нь сонсоно. 
    Хичээлийг анхаарахдаа багшийнхаа нүд, амыг харж нүдний харилцаа тогтоо. 
Бид:
    Уншсан зүйлийнхээ 10% -ийг 
    Сонссон зүйлийнхээ 20%-ийг
    Харсан зүйлийнхээ 30%-ийг
    Хараад сонссон зүйлийнхээ 50%-ийг
    Хэлсэн зүйлийнхээ 80%-ийг
    Хөдөлгөөн үйлдлээр үзүүлж хэлсэн зүйлийнхээ 90%-ийг санадаг.
                                                                   
•    Ангидаа урд суу

    Ялангуяа хамгийн хойно суух нь, яваандаа хичээлдээ муудах болон хичээлээс хөндийрөхөд хүргэдэг. Тиймээс урд юм уу урдхан ширээнд суух хэрэгтэй. Долоо хоногоор солигдож урд суу. Ингэснээр жилийн эцэст урд, ард ч биш, ангидаа бүх газар сууж үзсэн байх болно.

•    Зөвхөн багшийг сонс

    Хичээл дээр багштайгаа хамт бай, эргэн тойронд байгаа найз нөхдийгөө сонсох биш зөвхөн багшийгаа сонс. Яагаад? Ямар ч хүн ярьж байхдаа сонсож чаддаггүй. Бусадтай ярьснаар өөрөө ч тэр хичээлээс үр өгөөж авахгүй, багшийнхаа хэлснийг ойлгож чадахгүй өнгөрдөгөөс гадна эргэн тойрны найз нөхөддөө ч нөлөөлж тэдний бүтээмжийг бууруулдаг.

•    Сонсох зөв хэлбэр

    Хичээл сонсоход баясгалантай царай их чухал байдаг. Багш хэр инээмсэглэж ярина тэр хэмжээгээр хүүхдүүдийн анхаарлыг татна.
    Германы эрдэмтдийн хийсэн нэгэн судалгаа байдаг. Нэгэн сайн багш хичээлээ урьдынх шигээ сайн бэлтгэж ирсэн байлаа. Тэгээд хичээлээ заахдаа огт хошигнож инээлгүй, баргар царайтайгаар тайлбарлажээ. Хичээлийн дараа тухайн үзсэн хичээлээр шалгалт авахад амжилтын дүн 60%-тай гарав.
    Дараа нь ахиад нөгөө багш хичээлд орохдоо хүүхдүүдэд: "Бүгд амандаа нэг нэг бал зуугаарай" гэв. Тэгээд хичээлээ зааж эхэллээ. Хичээлийн дараа шалгалт авахад амжилтын дүн 70%-тай болсон байлаа.
    Үр дүн: Амандаа ямар нэгэн байдлаар бал зуухад амны хоёр булан бага зэрэг дээшлэнэ. Бие махбодийн хувьд бага зэрэг инээж байгаа мэт хэлбэртэй болно. Чин сэтгэлээсээ инээхгүй ч гэсэн бие махбодийн хувьд ийм өөрчлөлт хүртэл тайлбарлаж байгаа зүйлийг ойлгоход бидэнд илүү дөхөм болдог байна.

    Маш сайн бэлтгэлтэй боловч хичээлийг баргар царайтайгаар тайлбарлаж байгаа багшийн хичээлд сурагчдын амжилт 60%-тай байхад, амандаа бал зууж сонссон сурагчдын амжилт 70%-тай гарлаа.
    Туршилтын 3 дахь шатанд, багш хичээлд орлоо. Хичээлийг ном ёсоор нь заах боловч баясгалантайгаар тайлбарлав. Хичээл дээр 15 минут тутамд хошигнон хүүхдүүдийг инээлгэж, тэднийг хичээлийн стресстэй орчноос холдуулж байлаа. Сэдвээс хазайхгүйгээр хичээлээ цааш үргэлжлүүлэв. Хичээлийн дараа сэдэвтэй холбоотой шалгалт авахад сурагчдын амжилтын дүн 80%-тай гарсан байв.
    Үр дүн: Хүүхдүүд хичээлдээ амжилтаа ахиулахын тулд инээмсэглэн сонсох нь     их чухал байдаг гэдгийг харуулж байна.

    Туулай   ба   яст  мэлхий...

    Нэгэн өдөр туулай яст мэлхийг хоёулаа уралдъя гэлээ. Яст мэлхий туулайг өөрөөс нь илүү хурдан гэдгийг мэдсээр байж "за" гэв. Уралдаж эхэллээ. Туулай яст мэлхийний удаан хөдөлгөөнийг хараад "Алив чамд жаахан хугацаа олгоё" гэлээ.
    
Туулай тухлан сууж лууван, байцаа идэнгээ нүднийхээ булангаар яст мэлхийг харж байлаа. Яст мэлхий алхсан хэвээрээ. Дараа нь туулай бусад найзуудтай тоглож, ярьж гэнэ. Энэ зуур яст мэлхий хожино гэсэн итгэлтэйгээр урагшаа тэмцсээр л байв. Яст мэлхий маш удаан хөдөлж байгаа болохоор туулай бүр модны ёроолд унтахаар хэвтлээ. Тэгээд нэг сэрээд хартал яст мэлхий барианд ороход дөхсөн байв. Туулай "Хүүе, бушуухан гүйцэе" гээд гүйсэн боловч амжсангүй. Яст мэлхий аль хэдийн барианд орчихсон байлаа.
     Туулай "Алив хоёулаа ахиад уралдъя", "Чамтай мянган удаа уралдсан ч би
түрүүлнэ" гэлээ. Яст мэлхий инээмсэглэн "Харамсалтай байна, туулайхан минь, түрүүг авсан яст мэлхий Хараа голыг гатлаад өнгөрсөн, чи явж өөр газар уралд" гэж хэлээд туулайтай уралдсангүй. Уралдааны түрүү магнай хэвээр үлдлээ.

     Шалгалтад бэлтгэдэг сурагчдын дунд их ухаантай бөгөөд их давтдаг, жирийн ухаантай ч маш сайн давтдаг, өөрийн толгойдоо бардамнаж ерөөс давтдаггүй сурагчид байдаг. Ер нь маш ухаантай ч хичээл давтдаггүй сурагчид өөрийгөө өөрөөсөө дутуу ухаантай хүүхдүүдтэй харьцуулдаг. Яасан ч байсан тэднээс илүү амжилт үзүүлнэ гэж боддог. Гэвч мартагддаг нэгэн зүйл байдаг. Өрсөлдөгч яст мэлхийний адилаар хөдөлмөрлөсөн хүн шалгалт ойртоход зорилгодоо тун ойртсон байдаг. Тэгвэл өөрийнхөө ухаанд бардамнаж сайн давтаагүй хүн шалгалт ойртоход дөнгөж замынхаа эхэнд явж байдаг.

    Гоц ухаантай хүмүүс амжилт гаргахдаа 10%-д ухаан зарцуулж, 90%-д нь хөдөлмөрлөдөг байна.

    Хэрэв та хөдөлмөрлөхгүй, өөрийн байдлаа илүү сайн илэрхийлэхийн тулд хичээхгүй бол яст мэлхий шиг харагддаг бүх хүмүүс таныг гүйцэх болно. Туулай ба яст мэлхий хоёрын түүхийг өөрсдийн амьдрал дээр туулахыг хүсэхгүй л байгаа бол үр өгөөжтэй ажиллах арга барилыг мэдэж сурах хэрэгтэй.

"Гантиг чулууг цоолсон нь усны хүчинд бус, дуслуудын дуслах байнгын хөдөлгөөнд байгаа юм."

Post a Comment