Хичээл давтах үр өгөөжтэй аргууд-3

0 comments

Үр өгөөжтэй ажиллахын алтан дүрэм
Хичээл давтах болон түүнд саад болдог зүйлүүд
Өдөр  тутмын давтлагын хуваарь
1. Тэр өдөр сурсан сэдвийг дахин нэг хар
2. Гэрийн даалгаврыг хий, дасгал  бодлого бод
3. Дараачийн  өдөр үзэх сэдвийг урьдчилан нэг хар

Өдөр тутмын давтлагын хуваарь гарга
Хөтөлбөр
-Цагийг үр өгөөжтэй ашиглах Юуг хаанаас эхлэхээ шийдэх
-Мэдлэгээ хэр зэрэг өөрийн болгосноо мэдэх
-Хэзээ амрах, хэзээ давтахаа шийдэх
-Ирээдүйд нэг алхам түрүүлж явахад тусалдаг маш сайн арга юм.
-Мартахгүйн тулд тэр өдрийн үзсэн хичээлийг маргааш нь орохгүй ч гэсэн дахин давтах хэрэгтэй.

Багш тэр өдөр үзсэн сэдэвтэй холбогдолтой даалгавар өгөөгүй тохиолдолд хүүхэд гэртээ хэзээ ч тэр хичээлийг сөхөж харахгүй. Эцэг эх нь "Хүү минь хичээлээ давт" гэхэд хүү "Надад хийх даалгавар байхгүй, багш өнөөдөр даалгавар өгөөгүй шүү дээ" гэж хариулна. Ингэснээр хүүхэд нэг асуудлыг хайхрахгүй өнгөрөөж байгаа юм. Ангид үзсэн хичээлийг мартахгүйн тулд нэг бүрчлэн давтах нь түүний нэн тэргүүний зорилго байх ёстой. Ийм учраас хүүхдийн өнөөдөр даалгавар байхгүй гэх нь хичээл хийхгүй байх нэг шалтаг болох юм. Тухайн өдөр үзсэн хичээлүүдээ заавал давтах хэрэгтэй.

Жишээлбэл, математикийн хичээлийн нэг дэвтэр гарга. Дэвтрээ "Өдөрт давтах хичээлийн дэвтэр" гэж хаягла. Хичээл дээр багшийн бодсон бүх бодлогуудыг гэртээ ирээд ахин "Өдөрт давтах хичээлийн дэвтэр"-тээ бич. Яагаад гэвэл сурахад хамгийн сайн арга бол бичиж сурах байдаг. Ингэснээр бүх үзсэн сэдэв толгойд үлдэх болно.

Бүх хичээлийг ийм маягаар бичиж давтах хэрэгтэй. Ингэж давтах нь эхлээд танд хэцүү санагдаж магад. Гэвч өдөр болгон тогтмол хийгээд сурчихвал шалгалтын үеэр, шалгалт ойртохоор учиргүй их давтдаг хүүхдүүдээс илүү сайн амжилт үзүүлэх болно. Шалгалт тулсан үед хичээл хийдэггүй хүүхэд шиг сэдвүүдээ хольж хутгаж, их сандарч тэвдсэнээс болж хамаг юмаа мартаж эсвэл их ядарснаас юу ч хийж чадахгүй өнгөрөх зэрэг хямралд оролгүйгээр өөртөө бүрэн итгэж шалгалтаа сайн өгөх болно.

Хичээлээ давтаж дууссаны дараа багшийн өгсөн даалгаврыг хийх хэрэгтэй.

Даалгавраа хийсэн гэж үзье. Хичээлээ хийгээд дуусав уу? Үгүй. Арай дуусаагүй байна. Маргааш үзэх сэдвийг нэг хар. Унших зүйл байвал уншиж, судлах зүйл байвал судалж бэлтгэл хий. Маргааш багш хичээл тайлбарлахад та бэлтгэлтэй ирсэн байх тул сэдвийг илүү сайн ойлгох болно. Тэгээд орой гэртээ хариад ахин давтах учир сэдвийг бүрэн ойлгож эзэмших болно. Одоо тэр хичээлд муу, амжилт үзүүлэхгүй байна гэж байхгүй. Ийм системээр давтсан байхад асуулт асуухад эсвэл шалгалт авахад торохгүйгээр бүгдийг хийж хариулах болно.
Янз бүрийн ангид бичиж давтах системийг туршиж үзсэн юм. Эхлээд хүүхдүүдэд их хэцүү санагдаж байсан. Тэр ч бүү хэл зарим хүүхдүүд шөнийн 1 цаг хүртэл бичиж байлаа. Дараа нь харин энэ хүүхдүүдэд маш гайхамшигтай өерчлөлт гарсан юм. Богино хугацаанд ангийн хамгийн сайн сурагчидтай эн зэрэгцэх болж, өөртөө бүрэн итгэлтэй болцгоосон. Математикийн хичээлд 40 онооноос илүү авч чаддаггүй Тарик хүү 92, англи хэл дээр 45 онооноос илүү давж чаддаггүй Зэйнэп охин 97, физикийн хичээлд 30-аас илүү гарч чаддаггүй Тугчэ 82 оноо авч сайжирсан юм. Бичиж давтах нь богино хугацаанд нөлөөгөө үзүүлж, хүн болгоныг баярлуулсан. Гэнэт бусдаас өөр болж эхэлсэн. Юуны хүчинд ийм болов? Өдөрт давтах хичээлийн дэвтэр гаргаж тухайн өдөр үзсэн хичээлээ ахин хуулж бичсэний дараа даалгавраа хийж, маргаашийн хичээлийг гүйлгэн хардаг байсны хүчинд...

Хүүхэд гэртээ ирээд хичээлээ батжуулахад нь гэрийнхэн нь дэмжлэг туслалцаа  үзүүлж  байх  хэрэгтэй.

Хүүхэд сургууль дээрээ сурч, гэртээ түүнийгээ бататгана. Бататгахад, дэмжлэг туслалцаа шаардлагатай байдаг. Хэрэв хүүхэд гэртээ ирэхэд ээж нь элдэв асуултгүйгээр инээмсэглэн угтаж байгааг харвал дотроо "миний хайртай ээж, таныгаа хараад би маш их баяртай байна" гэж бодох бөгөөд хичээлээ давтахдаа илүү сайн ойлгох болно.

Аав нь орой гэртээ хөмсөг зангидан бөөн хар үүл шиг духаа үрчийлгэн орж ирээд зандран хашхирч, тэр дуугаар хүүхэд "Яанаа, аав ирлээ, одоо яах вэ?" гэж бодон айж сандран өрөө рүүгээ зугатдаг бол хичээлийг ойлгох чадвар нь буурах болно. Хүүхэд гэртээ ирээд амар тайван байдлыг эцэг эхээсээ харж, айж эмээх явдалгүй баяр хөөр, дэмжлэг туслалцааг тэднээс авч байвал хүүхдийн суралца чадвар 20%-иар дээшилдэг байна.

Гэрийн даалгаврын ач тус


•    Сурсан зүйлсийг баталгаажуулдаг
•    Оюун ухааныг сэргэлэн соргог болгодог
•    Удаан мартуулдаг
•    Гэр бүлийн болон багшийн хүндэтгэлийг олж авахад тусалдаг
•    Хариуцлага үүрч сурдаг
•    Өөртөө итгэх итгэлийг хөгжүүлдэг.
                  
Хичээл давтахад юу саад болдог вэ?
    а) Зурагт;
Уянга гэртээ ирээд тухайн өдөр үзсэн хичээлүүдээ ахин нэг нэгээр нь дэвтэртээ бичнэ. Дараа нь багшийн өгсөн даалгаврыг хийж дасгал ажиллана. Маргааш үзэх хичээлийн сэдвийг ч бас харлаа. Тэгээд ээжийнхээ хажууд ирээд "Ээжээ, би хичээлээ Фатих гуайн хэлсний дагуу бүгдийг сайн хийлээ. Одоо жаахан зурагт үзэж болох уу?" гэлээ. Хатагтай охиныхоо хичээлийг харвал үнэхээр хийсэн байлаа. Хэлсэн болгоныг нь гүйцэтгэсэн байв. Ээжийнх нь сэтгэл хөөрч баярлан охиныхоо бяцхан хүслийг нь гүйцэтгүүлэхээр зөвшөөрөл олгон "Тэг тэг үр минь, зурагт жаахан үз" гэнэ. Уянга үүргээ биелүүлсэн болохоор аз жаргалтай зурагтаа үзэж эхэлнэ.
Уянга 4 цаг хичээл хийжээ. Дараа нь зурагт үзээд яасан гээч? Давтсан бүх хичээлийнх нь ихэнхийг мартуулах хамгийн хортой зүйлийг хийжээ. Хичээлээ давтсаны дараа зурагт үзэх нь модгүй газар бороо орохтой адил юм. Бороо хамгийн үржил шимтэй шороог урсгадаг бол зурагт сурсан бүх мэдлэгийг устгадаг.
Анхаарлаа төвлөрүүлж хичээл давтахад хамгийн их саад болдог зүйл бол мөн л зурагт юм.
Тэгвэл яах ёстой вэ?
Хүн унтаж байхдаа зарим нэгэн гармон ялгаруулдаг бөгөөд тэр нь аль болох мартахыг багасгадаг нь тогтоогдсон байна. Унтахаасаа өмнө юуг давтаж, юу оролдоно тархи шөнөжингөө тухайн зүйлийн талаар ургуулан сэтгэдэг байна.
Үүнийг хийгээд үзээрэй. Унтахаасаа өмнө нэг дуу сонс. Тэр дуугаа гурван удаа давтан сонс. Дараа нь унт. Өглөө босоод та нүүрээ угаахаар ванны өрөө лүүгээ явж байхдаа тэр дууг аялж байгаагаа анзаарах болно...!
Одоо хичээлдээ муу авах ёс байхгүй... Ойлгоогүй, хийж чадаагүй, хэзээ ч хийж чадахгүй гэсэн юу л байна бүгдийг хийж чадах болно. Үүний тулд хамгийн хүнд гэсэн хичээлээсээ эхэл. Математикийн хичээлд ерөөс олигтой оноо авч чаддаггүй бол юу хийх шаардагатай вэ? Маш амархан. Унтахаасаа өмнө 50 минут математикаа давт. Тэгээд өөр юу ч оролдолгүйгээр унт. Өглөө босоод 15 минут гүйлгэн хар. Үүнийг өдөр болгон хийж чадвал богино хугацаанд математикийг ямар гоё сонирхолтой хичээл болохыг мэдрэх болно.
Хичээл хийнгээ зурагт үзэх нь сайн арга биш. Хичээл хийж байхад зурагт унтраалттай байх ёстой. Тэгэхгүй бол давтсан хичээлээ ойлгохгүй.
Зарим сурагчид "Би зурагт асаалттай байх үед хичээлээ илүү сайн ойлгодог" гэдэг. Магадгүй түүнийг хичээл хийж суухад нөлөөлдөг зүйл, зурагтны асаалттай байх байдал байх. Эсвэл хичээл хийнэ эсвэл зурагт үзнэ. Аль нэгийг нь заавал орхих болно. Хичээл хийж байхдаа хэзээ ч зурагт бүү үзээрэй гэж зөвлөж байна.
б) Компьютер;
Зурагтын талаар хэлсэн зүйл ч үүнд хамааралтай. Хүүхдүүд компьютер дээр удаан суухад сэтгэх ухаан нь аажмаар буурч байна. Шинэ сурах мэдлэгт хаалт болж байна. Компьютер дээр хоёр цагийн турш завсарлагагүйгээр тоглоом тоглосон хүний тархи бодож сэтгэхдээ удаан болж эхэлдэг. Энэ байдал үргэлжилсээр байвал хүүхэд хичээл хийж, шинэ зүйл сурч ойлгож сурахад хүндрэлтэй болно.
в) Найз нөхдийн сонголт;
Хичээл хийж гүйцэтгэхэд хамгийн нөлөөтэй хүчин зүйлсийн нэг бол найз нөхөд байдаг. Найз нөхөд болох сайхан. Найзуудтай их зүйлийг хуваалцдаг. Харин буруу найз нөхөд сонгосон тохиолдолд сургууль соёлд ч, гэр бүлд ч тэр хортой байдаг. Найз нөхөдтэйгөө холбоо харилцаа тогтоох болон хамт өнгөрүүлэхдээ зөв зохицуулах хэрэгтэй.
Амралтын өдөр найз нөхөдтэйгөө бөмбөг тоглож, кино үзэж, зугаалж болно. Харин үргэлж найз нар маань хүсч байна гээд амралтын өдрүүд, хагас бүтэн сайн болгонд болон ажлын өдрүүдийн оройг иймэрхүү өнгөрөөх юм бол жинхэнэ хийх ёстой ажлууд маань цалгардах болно. Сонгосон найз нөхөд үргэлж хамт байх биш, харин хэрэгцээтэй үед хажууд байх хүмүүс байх ёстой. Сайн найз чинь хажууд чинь суугаад хичээл дээр үргэлж яриа өднө. Таныхаар энэ найз сайн найз уу?
г) Гар  утас
Анхаарлаа сарниулах болон хичээл хийх хүслээ алдагдуулахыг хүсэхгүй бол хичээл хийж байхдаа болж өгвөл утсаар бүү ярь.
"Энэ бол таны амьдрал.. Хяналт хэний гарт вэ?" Хэрэв энэ амьдрал таных бол хяналт таны гарт байх ёстой, бусдын гарт биш.
д) Хөгжим;
Хичээл хийж хөгжим сонсохыг 2 хэсэгт хуваана.
1. Поп төрлийн хөдөлгөөнтэй, рок төрлийн нүргээн чимээтэй хөгжим сонсож хичээл хийвэл чадварыг чинь 20%-иар бууруулдаг. Өөрөөр хэлбэл, 20% бага юм сурч байна гэсэн үг.
2. Үггүй, хөгжмийн зэмсгийн буюу уянгын хөгжим сонсож хичээл хийхэд сурах чадварыг 25%-иар нэмэгдүүлдэг байна. Та зөвхөн хөгжмийн төрлийг л солиход үр өгөөжийг 20%-иар буурахаас хамгаалж, 25%-иар ахиц үзүүлэх болно. Нийт 45%-ийн ашигтай болж
байна.
е) Хооллох;
Үр өгөөжтэй давтахын эхний дүрэм бол эрүүл мэнд гэж хэлсэн билээ. Эрүүл саруул явахад зөв зохистой хооллох шаардлагатай. Сайн хооллож тэжээл аваагүйгээс болж цус багатай болсон сурагч сульдаатай болж үргэлж унтахыг хүсч, анхаарал нь байнга сарних зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд ийм сурагч хичээл сонсоход болон хийхэд оюуны чадавх нь буурдаг.
Зөв зохистой хооллодог, жимс ногоо иддэг хүүхэд илүү эрүүл саруул байдаг. Өглөөний ундыг заавал уух ёстой. Өглөөний цайнд зөгийн бал, жимсний чанамал, үзэмний шүүс, хатсан үзэм зэрэг амтлаг зүйлсийг бага ч болов идэх хэрэгтэй. Тархины ганц гол хэрэгцээтэй зүйл бол сахар /глюкоз/ юм. Сахарыг амтлаг зүйлээс авдаг. Үүнээс гадна өглөөний унд уусан сурагч, огт уугаагүй сурагчаас хичээлдээ илүү сайн байдаг. Долоо хоногт нэг удаа загас идэх хэрэгтэй.
ё) Нойр;
Хүүхэд өдөрт 7 цагаас бага, 10 цагаас илүү унтвал ойлгох чадварт болон анхаарал төвлөрөлтөд сөргөөр нөлөөлдөг.
ж) Хичээл  давтах  орчин;
Зөөлөн ор, диван дээр эсвэл газар хэвтээд хичээл хийх нь унтах хүслийг төрүүлдэг. Өөртөө тохирсон ширээ, сандал дээр сууж хичээл давтаж хэвших хэрэгтэй. Хоолны ширээ зохимжтой бол ашиглаж болно. Хичээл хийж байхад таны эсрэг хананд анхаарал сарниулах зураг хөрөг, плакат байж болохгүй. Ном, дэвтэр дээр сүүдэр тусахгүй байхаар гэрлээ байрлуулах хэрэгтэй.
з) Түгшүүр;
Зарим эцэг эхчүүд хүүхдээсээ их юм хүсч шахалт үзүүлдэг. Түүнийг сайн сурахыг хүснэ. Сүүлдээ хүүхдээс хүсэх зүйл нь маш том болж жижигхэн амжилтыг нь ч харахаа болино. Хүүхэд хүссэн зүйлд нь хүрч чадахгүй болохоороо түгшүүр дарамттай болж эхэлдэг. Бага зэргийн түгшүүр бол сайн. Харин хэтэрхий айдас түгшүүр нь оюуны хөдөлмөрт муу нөлөө үзүүлдэг.
    Судалгаагаар шалгалтад орох гэж байгаа зарим сурагчдын түгшүүр, мэс засалд орох гэж байгаа хүмүүсийн түгшүүрээс илүү байгааг тогтоожээ. Тэгэхээр үнэхээр их айдас түгшүүр нь сурахад муугаар нөлөөлдөг байна. Хэтэрхий түгшиж санаа зовох байдал нь сэтгэн бодохыг саатуулдаг. Тухайн хүүхэд хэчнээн давтсан ч гэсэн их түгшиж санаа зовсноосоо болж шалгалтандаа амжилт үзүүлж чадахгүй бүх зүйлийг хольж хутгадаг.

НЭГЭН ТҮҮХ
-    Өглөөний мэнд, юу хийж байна?
-    Далайн давлагаанд эрэг дээр шидэгдсэн далайн оддыг усанд эргүүлэн шидэж байна.
-    Яагаад?
-    Нар хөөрч ус татарч байна. Хэрэв тэднийг усанд хийхгүй бол үхэцгээнэ.
-    Гэвч энэ урт эргийн дагуу дүүрэн далайн од байна шүү дээ. Усанд тавилаа ч гэлээ хэдийг нь тавьж амжих билээ? Юу ч өөрчлөгдөхгүй.
Хүү гартаа барьсан нэгэн далайн одыг ус руу шидээд,
-    Хар даа, түүний хувьд маш их юм өөрчлөгдлөө шүү дээ!
гэлээ.
Далайн оддын олныг харж юу ч өөрчлөгдөхгүй гэж бодохын оронд нэг нэгээр ус руу шидэж өөрчлөх нь илүү дээр биз ээ!

Шалгалтад дунд зэрэг давтсан сурагч их түгшиж сандардаг. Харин их сайн давтсан, ерөөс давтаагүй сурагчид сандарч тэвдэггүй.
Гэнэт утас дуугарч хагас цагийн дараа танайд зочин ирэхээр боллоо. Юм бэлдэх шаардлагатай болж та сандран тэвдэнэ. Кекс хийхийг хүсэх боловч хөөдөггүй.
Та гэнэт хуралд орохоор боллоо. Хуралд дээр танилцуулах хэрэгтэй зүйлсийг бэлтгэх гэж сандарна, гэвч гар хөл чинь эвлэж өгөхгүй, та танилцуулахыг хүссэн зүйлээ тайлбарлаж чадахгүй болно. Бүгдийг нь нэг нэгэнтэй нь хольж хутгана.
Дээрх хоёр жишээ хүмүүсийн үргэлж хийдэг ажилдаа амжилтгүй байдал гаргаж байгааг харуулж байна. Энд амжилтгүй болсон шалтгаан бол кекс хийж мэдэхгүйдээ биш, анх удаа хуралд оролцож байгаадаа биш, ердөө сандарч түгшсэн байдлаас л болсон юм.
Хүүхэд их түгшүүртэй санаа зовсон байх үед түүнд "Их давт", "Сайн давт" гэж хэлснээр амжилтыг нь нэмэгдүүлэхгүй. Түгшүүрийг ч багасгахгүй. Тиймээс эхлээд хүүхэд тайвширч дарамтаас салах ёстой.
Тайван болгох ёстой гээд бүр налгар байлгаж болохгүй. Учир нь "санаа зовдоггүй" гэж нэрлэгдэх хүүхдүүдийн хувьд хичээл дээрээ муу оноо авдаг, хичээлдээ хоцорч ирдэг бөгөөд юуг ч үл тоодог. Юунд ч санаа зовохгүй болохоор шалгалтын асуултад хариулах ч мэдлэггүй байдаг. Ийм хүүхдүүдэд эцэг эх нь жаахан шахалт үзүүлэх хэрэгтэй юм.
Санаа зовох байдал хэр байх хэрэгтэй вэ? Хүүхэд зурагтаар хамгийн дуртай цуврал киногоо үзнэ. Тэр үедээ хүүхэд ингэж бодох ёстой: "Энэ миний амьдралд ямар ашигтай вэ? Хичээлээ хийх үү, киног үзэх үү?
Эцэг эх нь юу ч хэлээгүй байхад хүүхэд явж хичээлээ хийж байвал санаа зовсны шинж юм. Тэгвэл түүнд санаа бүү зов. Тэр заавал амжилт үзүүлэх болно.

Г-  Горьдлого  бүү тасар,  шийдэмгий  бай
    Хэцүү санагдаж буй хичээлээ давтахаа орхиж болохгүй. Тэр хичээлд зарцуулах цагийг дуустал давт.
Хамгийн нөлөөтэй сурах арга бол ангид сурах явдал байдаг. Хичээл дээр ойлгоогүй зүйл гарвал багшаасаа асуун ахин тайлбарлуулж ойлгох хэрэгтэй.
Өдөрт хэр зэрэг, яаж хичээл хийх хэрэгтэй вэ?
Тархины хүчин чадлыг харахад, хийсэн зүйлээсээ хамгийн өндөр үр өгөөжийг авахын тулд; 45 минут хичээл давтаж, 5 минут давтсан хичээлээ ахин нэг харж, 10 минут завсарлахад хангалттай байдаг байна. Ийм аргаар давтах хэрэгтэй.
Хичээл давтах хугацаа нь хичээлийн сэдвийн хүнд ба хөнгөнөөс шалтгаалж болно. 10 минут амрахад бие тавирч, оюун ухаан сурсан зүйлсийг бататгасан байдаг.

Өдөрт 3 удаа 50 минутаас багагүйгээр хэчнээн ч сууж давтаж болно.
"Амжилтад хүрч чадаагүй хүмүүсийн 90% нь ялагдсан бус, ердөө бууж өгсөн байдаг".
Их сургуульд сурч байхад минь хөрш айлуудын хүүхдүүд байдаг байлаа. Гурвуулаа дунд сургуулийн хоёрдугаар ангид сурдаг байв. Хөршүүд маань тэдний хичээлийг давтуулахын тулд биднээс тусламж гуйв. Бид танай хүүхдуүд бичиж давтвал өөрөөр хэлбэл "Өдөрт давтах хичээлийн дэвтэр" гаргаж давтвал давтуулж чадна гэлээ. Эхлээд хүүхдүүдэд өдөр болгон үзсэн хичээлээ ахиад дэвтэртээ бичих хэцүү санагдаж байв, гэхдээ тэд хийсэн. Нэг жилийн дараа энэ хүүхдүүдийн нэг нь Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай ахлах ангид элсэн орсон. Энэ давтах аргаар явсан нөгөө хүүхдүүдийн нэг нь Босфорын Их Сургуулийн Компьютерийн инженерийн ангид элссэн. Одоо тэр Америкт маш өндөр цалинтай ажиллаж байна. Нөгөө нь Ойрхи Дорнодын Техникийн Их сургуульд орсон. Одоо Америкийн   нэгэн их сургуульд "Эрдэмтэн"-ээр ажиллаж байна.
Гурав дахь нь Билкэнт Их сургуулийн математикийн ангид маш өндөр оноогоор элссэн бөгөөд улсын тэтгэлгээр сурдаг. Тэр ч бас одоо нэгэн сайхан их сургуульд ажиллаж байна.
Ийм системээр хичээл давтсан хүүхэд амжилтад илүү амархан хүрч байна. Та нарт олон сайхан амжилтын тухай жишээ татаж болно. Гэхдээ та нараас хүсэх нэгэн зүйл байна, хэрэв энэ номыг уншсаны дараа хэрэв хичээл сурлагад чинь өөрчлөлт гарч байвал надтай холбоо бариарай. Хэрэв энэ системээр давтаж чадвал, итгээрэй, маш том амжилт олох болно шүү. Таны амжилтын түүхийг ч бас би дараагийнхаа номонд бичихэд таатай байна.
"Хэрэв эгц өөд гарахад хөлс дусаагүй бол, дараа нь тэр дусаагүй хөлс чинь доошоо буухад нулимс болж хувирах болно" гэдгийг бүү мартаарай.
Дуслах ус чулууг цоолно.
Алхах чармайлт уулыг давна.

Тэгэхээр горь тасалж  "Өдий хүртэл ийм л байсан, ийм л байх болно" гэж бүү бод. Үүнээс хойш маш ихийг өөрчилж болно. Одоо зөвхөн шийдвэрээ гаргаад эхэл. Та хөдөлмөрлөж эхэл, их зүйл өөрчлөгдөхийг харж өөртөө итгэж ядна.

Дүгнэлт:
Сурагч хүн амжилт гаргахын тулд үүнд анхаараарай.
•    Багштайгаа нүдний харилцаа тогтоо.
•    Урд суу.
•    Хичээл дээр багшийн тайлбарлаж буй зүйлийг анхааралтай сайн сонс.
•    Хэрхэвч хариуцлагаас зугатаж болохгүй.
•    Хичээл зааж байхад бус, цаг нь болохоор тохиромжтой асуулт тавь.
•    Багшийн тайлбарласан зүйлийг тэмдэглэж ав.
•    Идэвхтэй оролц.
•    Өдөрт давтах хичээлийн дэвтэр гарга.
•    Зурагт бага үз.
•    Тохиромжтой хөгжим сонс.
•    Зөв зохистой хооллож эрүүл мэнддээ анхаар.
•    Бичиж давт.
•    Хэзээ ч бүү ухар.
•    Сурсан мэдлэгээ ашиглаж сур.
•    Өмнөх сэдвийг одоо үзсэн сэдэвтэйгээ холбож сур.
•    Дэмий дэвтэр үзгээр оролдож биш, бүх анхаарлаа төвлөрүүлж багшийг сайн сонс.
                       
Танд амжилт хүсье.
Фатих Калкынч “Бага ангийн багш” сэтгүүлээс


Post a Comment