“Үгийн үе” нэгж хичээлийн хөтөлбөр

0 comments

12 жилийн хоёрдугаар ангийн монгол хэлний хичээлийн жишээн дээр “Үгийн үе” нэгж хичээлийн хөтөлбөрийг боловсрууллаа. Та санаа авч, хувирган ашиглаж болно. Мөн санал, шүүмж, зөвлөгөөгөө өгөөрэй.
Сэдэв:  Үгийн үе
Зорилго: Сурагчдын унших, бичих чадварыг хөгжүүлж, үгийг үеэр таслах, задгай ба битүү үеийг таниулах
Зорилт: 
1.    “Тэмээ” сэдвийн  хүрээнд холбогдох эхүүдийг унших, ойлгох, мэдлэгийн хүрээгээ тэлэх
2.    Үе гэж юу вэ? гэдгийг мэддэг болох, үгийг үеэр тасалж сурах, задгай ба битүү үеийг ялган таньдаг болох
3.    “Тэмээ” сэдвийн хүрээнд эх зохион бичих





Тараах материал нь:

1.    Дараах шүлгээс 2 ба 3 үетэй үгийг түүж бичээрэй.
Тэмээний чихэр”
Заан шиг ханхар тэмээ
Зараа шиг харгана үмхлээ
    Зүү шиг өргөстэй үнхүүшээ
Зөөлөн чихэр шиг хүлхлээ
Уруул нь өргөсөнд урагддаггүй юм уу?
Хоолой нь өргөсөнд хорсдоггүй юм уу? (Т.Галсан)
2.    Шүлгийг цээжлээрэй.



Тараах материал нь :
1.    Доорх шүлгийг ойлгож уншаарай.
2.    Шүлгийг уншиж дуусаад,дүрийн тоглолт хийгээрэй.
3.    Шүлэг дэх онцолсон хэсгийг үеэр таслан бичээрэй.
4.    Шүлгээс:

•    1 үетэй эр үг
•    2 үетэй эр үг
•    3 үетэй эр үг
•    1 үетэй эм үг
•    2 үетэй эм үг
•    3 үетэй эм үг тус бүр тав, тавыг олж бичээрэй

Тэмээний зураг

Харандаа цаас нийлүүлж сураад
Хамгийн түрүүнд тэмээ зураад
Ахдаа үзүүлтэл толгой сэгсэрч
Арай л биш байна даа гэлээ
Мэддэг хүнд үзүүл гэлээ
Мэргэн үгийг нь сонс гэлээ
Анхныхаа зургийг барьсаар
Айлынхаа хаалгыг татлаа
-    Тэмээ нь тэмээ нь юм санж
Тэгэхдээ л ондоо болж
Ширээ бөх нь босоодож
Ширнэн гуай ингэж зөвлөлөө
Баллаж зассаар байтал
Бараг бөхгүй болчхов оо
Хараад байвал нэг л биш ээ
Хажуу айлдаа бас л орлоо
-    Тэмээ нь тэмээ нь л юм санж
Тэгэхдээ л ондоо болж
Хүзүү нь арай өндөрдөж
Хүрлээ гуай ингэж зөвлөлөө
Баллаж зассаар байтал
Бараг хүзүүгүй болчхов оо
Сайн ажвал нэг л биш ээ
Саахалт айлдаа бас л орлоо
-    Тэмээ нь тэмээ нь л юм санж
Тэгэхдээ л ондоо болж
Нарийн хөл нь уртдаж
            Нацаг гуай ингэж зөвлөлөө
Баллаж зассаар байтал
Бараг хөлгүй болчхов оо
Хөрш айлаар хэсэн хэссээр
Хүний үгээр засан зассаар
Атан тэмээгээ адаг сүүлд нь
Ахдаа үзүүлтэл
-    Хувирсаар хувирсаар тэмээ чинь
Хулгана болчихлоо гэж үү? гэлээ
Олон хүний зөвлөгөө хүчтэйг
Одоо л сайн мэдэж авлаа
Худал гэвэл атан тэмээг
Хулгана болгодог байна шүү  (Ж.Дашдондог)



“Сахиусан тэнгэр” 
(Сэдэл төрүүлэх үед ашиглах эх)

Зохиолоо уншиж, зогсосхийлт хийж, сурагчдын саналыг сонсож явах
Дэлхий рүү явахаар дугаарлан зогсох олон хүүхдийн нэг нь энгэртээ нэгэн бүжин тэвэрчээ. Тэрээр бурханаас ийн асуужээ. –Намайг одоо дэлхий рүү явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн, тэгээд бас ямар ч хүчгүй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд … (Зогсосхийлт 1)
     Бурхан хариуд нь юу гэж хэлсэн бол?
… - Чи санаа зоволтгүй. Би бүх сахиусан тэнгэрүүдээс нэгийг нь чинийх болгон сонгосон. Тэр чамайг тэнд хүлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуу дуулж өгч, хамаг сайхан бүхнийг чамд мэдрүүлэх болно. Энэ маягаар чи түүний хайрыг мэдэрч, аз жаргалаар дүүрэн өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно гэв. –Аа тэгвэл, хүмүүс надад ямар нэг юм хэлэхэд би хэлийг нь мэдэх гүй юм чинь яаж ойлгох юм бэ? гэвэл  …. ? (Зогсосхийлт 2)
     Бурханы хариулт?
… Чиний сахиусан тэнгэр чамд энэ ертөнц дээр хэрхэн сонсож,  яаж ярихыг зааж өгнө гэв. - Гэвч дэлхий дээр маш олон муу хүн байдаг гэдгийг надад хэлсэн. Намайг хэн хамгаалах юм бэ? гэж хүүг асуухад нь:  (Зогсосхийлт 3)
     Бурхан юу гэж хэлэх вэ?
… Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын төлөө өөрийгөө зориулахад ч бэлэн байж, чамайг ертөнц дээрх бүх муу зүйлээ савран хамгаална гэх тэр хэн агшинд диваажинд маш нам гүм болж, тэр хүүгийн ээлж ч болсон байлаа. Нэгэнт явах цаг болсныг ухаарсан хүү эцсийн асуултаа асуусан нь: -Бурхан минь би одоо явах нь ээ. Миний сахиусан тэнгэрийн нэрийг бушуухан хэлээч гэвэл… ? (Зогсосхийлт 4)
     Сахиусан тэнгэрийнх нь нэрийг хэлнэ үү?
… Хүү минь, чи түүнийг “Ээжээ” гэж дуудаж болно гэжээ.
Ингэж таамаглал дэвшүүлж явах явцад сурагчийн хэлж байгаа төсөөлөл, таамаглал дөхсөн, таарч байсан бол сурагчдыг нэрээр нь хэлж, дэмжин, урмын үг хэлж явах (Аман үнэлгээ)

Зохиолоо хамтран, уншиж дууссаны дараа уншсан өгүүллэг маань ямар гарчигтай байж болох вэ? гэсэн асуулт тавьж, саналыг нь сонсох




С.Нэргүйцэцэг

МУБИС-ийн Архангай аймаг дахь Багшийн сургуулийн
Монгол хэл-Уран зохиолын тэнхимийн багш


Post a Comment