Алдаанаасаа суралцацгаая

0 comments
Бага боловсролын үндсэн зорилго нь хүүхдийг зөв төлөвшүүлж хүмүүжүүлэх, сурах арга барил эзэмшүүлэх явдал гэж ойлгож болно. Бага боловсролын энэхүү зорилгыг бүрэн утгаар нь хэрэгжүүлж, хүүхдийн хүмүүжил төлөвшлийг үнэлж дүгнэж чадахгүй байна. Бага боловсролын сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулга ч бага боловсролын үндсэн зорилгыг хангахад бүрэн чиглэгдэж чадахгүй байна. Сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулга нь хэт мэдлэгжсэн, сурагчдад чадвар, дадал, хүмүүжил олгох, монгол ёс заншил, уламжлал, амьдрах арга ухаанд сургах тал дээр бага анхаарсан байдал илэрч байна.   
 
    Аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газрын мэргэжилтэн, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер, багш нарт явуулсан сургалт, багш нартай хийсэн ярилцлагаас дүгнэж үзвэл бага боловсролын багш нарын сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаанд дараах алдаа дутагдал нийтлэг оршиж байна гэж үзэж болохоор байна.

•    Бага боловсролын багш нарын арга зүйн хувьд алдаж байгаа гол алдаа нь сурах бичиг, зөвлөмжийн хүрээнээс гарч, бүтээлчээр судлан хэрэгжүүлж чадахгүй байна. Шинээр боловсрогдон мөрдөгдөж байгаа сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулга, арга зүйтэй танилцуулах сургалтыг Боловсролын хүрээлэн, аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газраас чанартай зохион байгуулдаггүй нь энд гол нөлөө үзүүлж байна. Боловсрол, соёлын газраас хичээл тус бүрийн нэгж хичээлийн сэдвийг гарган өгч байгаагаас цааш үйл ажиллагаа явагдаж үндсэндээ чадахгүй байна. 
•    Багш нар сургалтыг явуулахдаа онолын мэдлэг, хууль, дүрэм, томьёо, тодорхойлолтыг  тулган хүлээлгэх, бэлэн мэдлэг өгөх замаар хуучин арга барилаар явуулж байгаа нь сурагчдын сэтгэн бодох үйл ажиллагааг боогдуулж, улмаар тэднийг мэдлэг бүтээх, сурах арга барил эзэмших бололцоог хааж байна. Математикийн хувьд жишээ нь хуваах үйлдлийг заахдаа хоёр орон зэрэг буувал ногдворт нэг тэг өгнө гэх мэт. 
•    Суралцагчдыг сурах хөдөлмөрт үнэнч шударга ханддаг, бусдын хүчинд найдах бус өөрийн хүчинд итгэж ажилладаг сэтгэхүй, дадал хэвшлийг суралцагч нэг бүрт бий болгож чадахгүй байна. Бага ангид байхаасаа эхлэн хүүхэд бусдаас хуулах, өөрийгөө болон багшийг хуурах үйл ажиллагаанд суралцаж байна. Багш үүнийг мэдсэн ч мэдээгүй дүр эсгэн ажилласаар. 
•    Байгалийн ухаан, математик зэрэг хичээлүүдээр сурагчдаар дадлага ажил хийлгэхгүй байна. Багш нар өөрсдөө ч геометрээр хэрчмийн урт болон талбайг хэмжих, үр дүнг бүртгэх, тооцоо хийх, байгуулах бодлого бодох зэрэгт сайн суралцаагүй байгаа нь сургалтад сөргөөр нөлөөлж байх талтай.
•    Сурагчдын мэдлэг, чадварыг үнэлж дүгнэх тест, хяналтын болон бичгийн ажлын сэдвийг зохиох онол, арга зүйн мэдлэг сургалтын менежер, багш нарт дутмаг байна. Сурагчдын мэдлэг, чадварыг үнэлэх сэдэв нь найдвар, тохирц, ялгах чадвар муутай байна. Сурагчдын мэдлэг, чадварыг шалгах сэдвийн асуулт, даалгаврын томьёолол, тавилт, тэдгээрийн оноожуулалт (хэмжээсжүүлэлт) тун тааруу байна. Олон улсын судалгааны даалгавруудын томьёолол, тавилтаас суралцаж чадахгүй байна. Манай сурах бичгүүдэд ч энэ дутагдал нэг адил байгаа юм. 
•    Сурагчдын сэтгэлгээний хурд, гүн бат болон уян хатан чанарыг хөгжүүлэх талаар багш, сургууль, боловсролын удирдах болон эрдэм шинжилгээний байгууллагын зүгээс тодорхой, үр дүнтэй ажил хийсэн нь мэдэгдэхгүй байна. Багш нарт энэ чиглэлээр онол, арга зүйн туслалцаа үзүүлэх шаардлагатай байна.
•    Сурагчдыг хурдан зөв унших, уншсанаа ойлгон гол санааг бичих, асуулт зохиох, түүнд хариулах зэрэг унших чадварын олон улсын судалгаа (ПИРЛС)-ны арга зүйд суралцаж чадаагүй байна. Манай сурагчдын зохион бичих чадвар муу, бичгийн хэв муу, асуултад нэг хоёр үгээр арай ядан бичсэн нь элбэг тааралдана. 
•    Бага, дунд ангийн агуулгын залгамж холбоо сайн биш байна. Бага боловсролын багш нарын тухайд дунд ангид хичээл бүрээр ямар чадвар, дадал эзэмшсэн хүүхэд бэлтгэн өгөх талаар нарийн сайн ойлголтгүй байна. Тухайлбал математикийн хичээлээр функциональ хамаарал, өөрөөр хэлбэл үйлдлийн гишүүд ба үр дүнгийн хоорондын хамаарлын тухай сурагчдад сайтар ухамсарлуулан ойлгуулсан байх шаардлагатай юм. Гэтэл манай багш нар тоо, тоололд голлон анхаараад алгебр, геометр, магадлал, статистикийн үндсэн судлагдахуунуудыг сайтар эзэмшүүлэхэд анхаарч тэр бүр чадахгүй байна. Багш нар маань ч энэ чиглэлээр өөрийн мэдлэг, чадвараа дээшлүүлэх шаардлагатай нь харагдаж байна.
•    Сурагчдыг зөв төлөвшсөн иргэн болгон хүмүүжүүлэх арга барил эзэмших, түүнийг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулан хэрэгжүүлэх, үнэлж дүгнэх талаар сургууль, багш нарын зүгээс үр дүнтэй хийсэн ажил бага харагдаж байна. Яриа ухуулга, элдэв уралдаан тэмцээн, секц дугуйлангийн үйл ажиллагаагаар хүүхдэд зөв төлөвшил, хүмүүжил олгоно гэж үзвэл өрөөсгөл болно. Хичээлүүдийн агуулгыг амьдралд ойртуулах, монгол ёс заншил, түүх, соёл, уламжлалтай холбох талаар багш нарын сургах, хүмүүжүүлэх үйл ажиллагаа жигд биш байна. Энд сургалтын агуулгыг ерөнхийд нь баримтлах боловч, багшийн зүгээс бүтээлчээр баяжуулан хэрэглэх учиртай. Сурагчдыг гадны сөрөг муу нөлөөнөөс хамгаалах талаар их зүйл хийх шаардлагатай болжээ. Сөрөг муу нөлөө гэр бүлийн зүгээс ч, нийгэм, ахуйн бусад орчноос ч гарч байна.  

    Эцэст нь тэмдэглэхэд бага сургуулийг дунд, ахлах сургуулиас тусгаарлан бие даан ажиллуулах, бүтэн өдрийн сургалт (өглөөнөөс орой хүртэл хичээллэж, секц дугуйлан, сонгон суралцахад суралцаж, даалгавраа хийж, амарч, үдээр хооллож)-д  шилжүүлэх талаар төрийн захиргааны болон боловсролын бүх шатны байгууллага анхаарах цаг болсон байна. Энэ асуудлыг шийдвэрлэж чадвал дээр дурдсан алдаа дутагдлуудын ихэнх нь арилах болно.        
 
    Алдаанаасаа суралцаж, түүнд дүгнэлт хийж, гарч буй алдаа дутагдлыг арилгах, дахин давтан гаргахгүй байх талаар анхаарч ажиллацгаая. Зөв боловсролтой, зөв монгол иргэнийг төлөвшүүлэх үйлсдээ амжилт гаргахыг Та бүхэнд хүсэн ерөөе. 


Г.Батболд


Post a Comment