• Шинэ мэдээ

    Шинэ мэдээ

    Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Mauris sit amet nisl lectus, id sagittis metus.

  • Зургийн цомог

    Зургийн цомог

    Хамаг бүхэн бороо мэт арилна, Харин гэрэл зураг шороо мэт үлдэнэ.

  • Мэдээ мэдээлэл

    Мэдээ мэдээлэл

    Мэдээлэлтэй хүн дэлхийг ч захирана..

  • Төлөвлөгөө

    Төлөвлөгөө

    Эхлээд чухлыг нь... /Цаг төлөвлөлтийн талаар/.

  • Хууль эрхзүй

    Хууль эрхзүй

    Үндсэн хуулийн дээр хөх тэнгэр л байдаг.

  • Программ хангамж

    Программ хангамж

    Хэрэгтэй бүхнээ эндээс.

Showing posts with label Сурагчдад. Show all posts
Showing posts with label Сурагчдад. Show all posts

Хичээл давтах үр өгөөжтэй аргууд-3

0 comments

Үр өгөөжтэй ажиллахын алтан дүрэм
Хичээл давтах болон түүнд саад болдог зүйлүүд
Өдөр  тутмын давтлагын хуваарь
1. Тэр өдөр сурсан сэдвийг дахин нэг хар
2. Гэрийн даалгаврыг хий, дасгал  бодлого бод
3. Дараачийн  өдөр үзэх сэдвийг урьдчилан нэг хар

Өдөр тутмын давтлагын хуваарь гарга
Хөтөлбөр
-Цагийг үр өгөөжтэй ашиглах Юуг хаанаас эхлэхээ шийдэх
-Мэдлэгээ хэр зэрэг өөрийн болгосноо мэдэх
-Хэзээ амрах, хэзээ давтахаа шийдэх
-Ирээдүйд нэг алхам түрүүлж явахад тусалдаг маш сайн арга юм.
-Мартахгүйн тулд тэр өдрийн үзсэн хичээлийг маргааш нь орохгүй ч гэсэн дахин давтах хэрэгтэй.

Багш тэр өдөр үзсэн сэдэвтэй холбогдолтой даалгавар өгөөгүй тохиолдолд хүүхэд гэртээ хэзээ ч тэр хичээлийг сөхөж харахгүй. Эцэг эх нь "Хүү минь хичээлээ давт" гэхэд хүү "Надад хийх даалгавар байхгүй, багш өнөөдөр даалгавар өгөөгүй шүү дээ" гэж хариулна. Ингэснээр хүүхэд нэг асуудлыг хайхрахгүй өнгөрөөж байгаа юм. Ангид үзсэн хичээлийг мартахгүйн тулд нэг бүрчлэн давтах нь түүний нэн тэргүүний зорилго байх ёстой. Ийм учраас хүүхдийн өнөөдөр даалгавар байхгүй гэх нь хичээл хийхгүй байх нэг шалтаг болох юм. Тухайн өдөр үзсэн хичээлүүдээ заавал давтах хэрэгтэй.

Жишээлбэл, математикийн хичээлийн нэг дэвтэр гарга. Дэвтрээ "Өдөрт давтах хичээлийн дэвтэр" гэж хаягла. Хичээл дээр багшийн бодсон бүх бодлогуудыг гэртээ ирээд ахин "Өдөрт давтах хичээлийн дэвтэр"-тээ бич. Яагаад гэвэл сурахад хамгийн сайн арга бол бичиж сурах байдаг. Ингэснээр бүх үзсэн сэдэв толгойд үлдэх болно.

Бүх хичээлийг ийм маягаар бичиж давтах хэрэгтэй. Ингэж давтах нь эхлээд танд хэцүү санагдаж магад. Гэвч өдөр болгон тогтмол хийгээд сурчихвал шалгалтын үеэр, шалгалт ойртохоор учиргүй их давтдаг хүүхдүүдээс илүү сайн амжилт үзүүлэх болно. Шалгалт тулсан үед хичээл хийдэггүй хүүхэд шиг сэдвүүдээ хольж хутгаж, их сандарч тэвдсэнээс болж хамаг юмаа мартаж эсвэл их ядарснаас юу ч хийж чадахгүй өнгөрөх зэрэг хямралд оролгүйгээр өөртөө бүрэн итгэж шалгалтаа сайн өгөх болно.

Хичээлээ давтаж дууссаны дараа багшийн өгсөн даалгаврыг хийх хэрэгтэй.

Даалгавраа хийсэн гэж үзье. Хичээлээ хийгээд дуусав уу? Үгүй. Арай дуусаагүй байна. Маргааш үзэх сэдвийг нэг хар. Унших зүйл байвал уншиж, судлах зүйл байвал судалж бэлтгэл хий. Маргааш багш хичээл тайлбарлахад та бэлтгэлтэй ирсэн байх тул сэдвийг илүү сайн ойлгох болно. Тэгээд орой гэртээ хариад ахин давтах учир сэдвийг бүрэн ойлгож эзэмших болно. Одоо тэр хичээлд муу, амжилт үзүүлэхгүй байна гэж байхгүй. Ийм системээр давтсан байхад асуулт асуухад эсвэл шалгалт авахад торохгүйгээр бүгдийг хийж хариулах болно.
Янз бүрийн ангид бичиж давтах системийг туршиж үзсэн юм. Эхлээд хүүхдүүдэд их хэцүү санагдаж байсан. Тэр ч бүү хэл зарим хүүхдүүд шөнийн 1 цаг хүртэл бичиж байлаа. Дараа нь харин энэ хүүхдүүдэд маш гайхамшигтай өерчлөлт гарсан юм. Богино хугацаанд ангийн хамгийн сайн сурагчидтай эн зэрэгцэх болж, өөртөө бүрэн итгэлтэй болцгоосон. Математикийн хичээлд 40 онооноос илүү авч чаддаггүй Тарик хүү 92, англи хэл дээр 45 онооноос илүү давж чаддаггүй Зэйнэп охин 97, физикийн хичээлд 30-аас илүү гарч чаддаггүй Тугчэ 82 оноо авч сайжирсан юм. Бичиж давтах нь богино хугацаанд нөлөөгөө үзүүлж, хүн болгоныг баярлуулсан. Гэнэт бусдаас өөр болж эхэлсэн. Юуны хүчинд ийм болов? Өдөрт давтах хичээлийн дэвтэр гаргаж тухайн өдөр үзсэн хичээлээ ахин хуулж бичсэний дараа даалгавраа хийж, маргаашийн хичээлийг гүйлгэн хардаг байсны хүчинд...

Хүүхэд гэртээ ирээд хичээлээ батжуулахад нь гэрийнхэн нь дэмжлэг туслалцаа  үзүүлж  байх  хэрэгтэй.

Хүүхэд сургууль дээрээ сурч, гэртээ түүнийгээ бататгана. Бататгахад, дэмжлэг туслалцаа шаардлагатай байдаг. Хэрэв хүүхэд гэртээ ирэхэд ээж нь элдэв асуултгүйгээр инээмсэглэн угтаж байгааг харвал дотроо "миний хайртай ээж, таныгаа хараад би маш их баяртай байна" гэж бодох бөгөөд хичээлээ давтахдаа илүү сайн ойлгох болно.

Аав нь орой гэртээ хөмсөг зангидан бөөн хар үүл шиг духаа үрчийлгэн орж ирээд зандран хашхирч, тэр дуугаар хүүхэд "Яанаа, аав ирлээ, одоо яах вэ?" гэж бодон айж сандран өрөө рүүгээ зугатдаг бол хичээлийг ойлгох чадвар нь буурах болно. Хүүхэд гэртээ ирээд амар тайван байдлыг эцэг эхээсээ харж, айж эмээх явдалгүй баяр хөөр, дэмжлэг туслалцааг тэднээс авч байвал хүүхдийн суралца чадвар 20%-иар дээшилдэг байна.

Гэрийн даалгаврын ач тус


•    Сурсан зүйлсийг баталгаажуулдаг
•    Оюун ухааныг сэргэлэн соргог болгодог
•    Удаан мартуулдаг
•    Гэр бүлийн болон багшийн хүндэтгэлийг олж авахад тусалдаг
•    Хариуцлага үүрч сурдаг
•    Өөртөө итгэх итгэлийг хөгжүүлдэг.
                  
Хичээл давтахад юу саад болдог вэ?
    а) Зурагт;
Уянга гэртээ ирээд тухайн өдөр үзсэн хичээлүүдээ ахин нэг нэгээр нь дэвтэртээ бичнэ. Дараа нь багшийн өгсөн даалгаврыг хийж дасгал ажиллана. Маргааш үзэх хичээлийн сэдвийг ч бас харлаа. Тэгээд ээжийнхээ хажууд ирээд "Ээжээ, би хичээлээ Фатих гуайн хэлсний дагуу бүгдийг сайн хийлээ. Одоо жаахан зурагт үзэж болох уу?" гэлээ. Хатагтай охиныхоо хичээлийг харвал үнэхээр хийсэн байлаа. Хэлсэн болгоныг нь гүйцэтгэсэн байв. Ээжийнх нь сэтгэл хөөрч баярлан охиныхоо бяцхан хүслийг нь гүйцэтгүүлэхээр зөвшөөрөл олгон "Тэг тэг үр минь, зурагт жаахан үз" гэнэ. Уянга үүргээ биелүүлсэн болохоор аз жаргалтай зурагтаа үзэж эхэлнэ.
Уянга 4 цаг хичээл хийжээ. Дараа нь зурагт үзээд яасан гээч? Давтсан бүх хичээлийнх нь ихэнхийг мартуулах хамгийн хортой зүйлийг хийжээ. Хичээлээ давтсаны дараа зурагт үзэх нь модгүй газар бороо орохтой адил юм. Бороо хамгийн үржил шимтэй шороог урсгадаг бол зурагт сурсан бүх мэдлэгийг устгадаг.
Анхаарлаа төвлөрүүлж хичээл давтахад хамгийн их саад болдог зүйл бол мөн л зурагт юм.
Тэгвэл яах ёстой вэ?
Хүн унтаж байхдаа зарим нэгэн гармон ялгаруулдаг бөгөөд тэр нь аль болох мартахыг багасгадаг нь тогтоогдсон байна. Унтахаасаа өмнө юуг давтаж, юу оролдоно тархи шөнөжингөө тухайн зүйлийн талаар ургуулан сэтгэдэг байна.
Үүнийг хийгээд үзээрэй. Унтахаасаа өмнө нэг дуу сонс. Тэр дуугаа гурван удаа давтан сонс. Дараа нь унт. Өглөө босоод та нүүрээ угаахаар ванны өрөө лүүгээ явж байхдаа тэр дууг аялж байгаагаа анзаарах болно...!
Одоо хичээлдээ муу авах ёс байхгүй... Ойлгоогүй, хийж чадаагүй, хэзээ ч хийж чадахгүй гэсэн юу л байна бүгдийг хийж чадах болно. Үүний тулд хамгийн хүнд гэсэн хичээлээсээ эхэл. Математикийн хичээлд ерөөс олигтой оноо авч чаддаггүй бол юу хийх шаардагатай вэ? Маш амархан. Унтахаасаа өмнө 50 минут математикаа давт. Тэгээд өөр юу ч оролдолгүйгээр унт. Өглөө босоод 15 минут гүйлгэн хар. Үүнийг өдөр болгон хийж чадвал богино хугацаанд математикийг ямар гоё сонирхолтой хичээл болохыг мэдрэх болно.
Хичээл хийнгээ зурагт үзэх нь сайн арга биш. Хичээл хийж байхад зурагт унтраалттай байх ёстой. Тэгэхгүй бол давтсан хичээлээ ойлгохгүй.
Зарим сурагчид "Би зурагт асаалттай байх үед хичээлээ илүү сайн ойлгодог" гэдэг. Магадгүй түүнийг хичээл хийж суухад нөлөөлдөг зүйл, зурагтны асаалттай байх байдал байх. Эсвэл хичээл хийнэ эсвэл зурагт үзнэ. Аль нэгийг нь заавал орхих болно. Хичээл хийж байхдаа хэзээ ч зурагт бүү үзээрэй гэж зөвлөж байна.
б) Компьютер;
Зурагтын талаар хэлсэн зүйл ч үүнд хамааралтай. Хүүхдүүд компьютер дээр удаан суухад сэтгэх ухаан нь аажмаар буурч байна. Шинэ сурах мэдлэгт хаалт болж байна. Компьютер дээр хоёр цагийн турш завсарлагагүйгээр тоглоом тоглосон хүний тархи бодож сэтгэхдээ удаан болж эхэлдэг. Энэ байдал үргэлжилсээр байвал хүүхэд хичээл хийж, шинэ зүйл сурч ойлгож сурахад хүндрэлтэй болно.
в) Найз нөхдийн сонголт;
Хичээл хийж гүйцэтгэхэд хамгийн нөлөөтэй хүчин зүйлсийн нэг бол найз нөхөд байдаг. Найз нөхөд болох сайхан. Найзуудтай их зүйлийг хуваалцдаг. Харин буруу найз нөхөд сонгосон тохиолдолд сургууль соёлд ч, гэр бүлд ч тэр хортой байдаг. Найз нөхөдтэйгөө холбоо харилцаа тогтоох болон хамт өнгөрүүлэхдээ зөв зохицуулах хэрэгтэй.
Амралтын өдөр найз нөхөдтэйгөө бөмбөг тоглож, кино үзэж, зугаалж болно. Харин үргэлж найз нар маань хүсч байна гээд амралтын өдрүүд, хагас бүтэн сайн болгонд болон ажлын өдрүүдийн оройг иймэрхүү өнгөрөөх юм бол жинхэнэ хийх ёстой ажлууд маань цалгардах болно. Сонгосон найз нөхөд үргэлж хамт байх биш, харин хэрэгцээтэй үед хажууд байх хүмүүс байх ёстой. Сайн найз чинь хажууд чинь суугаад хичээл дээр үргэлж яриа өднө. Таныхаар энэ найз сайн найз уу?
г) Гар  утас
Анхаарлаа сарниулах болон хичээл хийх хүслээ алдагдуулахыг хүсэхгүй бол хичээл хийж байхдаа болж өгвөл утсаар бүү ярь.
"Энэ бол таны амьдрал.. Хяналт хэний гарт вэ?" Хэрэв энэ амьдрал таных бол хяналт таны гарт байх ёстой, бусдын гарт биш.
д) Хөгжим;
Хичээл хийж хөгжим сонсохыг 2 хэсэгт хуваана.
1. Поп төрлийн хөдөлгөөнтэй, рок төрлийн нүргээн чимээтэй хөгжим сонсож хичээл хийвэл чадварыг чинь 20%-иар бууруулдаг. Өөрөөр хэлбэл, 20% бага юм сурч байна гэсэн үг.
2. Үггүй, хөгжмийн зэмсгийн буюу уянгын хөгжим сонсож хичээл хийхэд сурах чадварыг 25%-иар нэмэгдүүлдэг байна. Та зөвхөн хөгжмийн төрлийг л солиход үр өгөөжийг 20%-иар буурахаас хамгаалж, 25%-иар ахиц үзүүлэх болно. Нийт 45%-ийн ашигтай болж
байна.
е) Хооллох;
Үр өгөөжтэй давтахын эхний дүрэм бол эрүүл мэнд гэж хэлсэн билээ. Эрүүл саруул явахад зөв зохистой хооллох шаардлагатай. Сайн хооллож тэжээл аваагүйгээс болж цус багатай болсон сурагч сульдаатай болж үргэлж унтахыг хүсч, анхаарал нь байнга сарних зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд ийм сурагч хичээл сонсоход болон хийхэд оюуны чадавх нь буурдаг.
Зөв зохистой хооллодог, жимс ногоо иддэг хүүхэд илүү эрүүл саруул байдаг. Өглөөний ундыг заавал уух ёстой. Өглөөний цайнд зөгийн бал, жимсний чанамал, үзэмний шүүс, хатсан үзэм зэрэг амтлаг зүйлсийг бага ч болов идэх хэрэгтэй. Тархины ганц гол хэрэгцээтэй зүйл бол сахар /глюкоз/ юм. Сахарыг амтлаг зүйлээс авдаг. Үүнээс гадна өглөөний унд уусан сурагч, огт уугаагүй сурагчаас хичээлдээ илүү сайн байдаг. Долоо хоногт нэг удаа загас идэх хэрэгтэй.
ё) Нойр;
Хүүхэд өдөрт 7 цагаас бага, 10 цагаас илүү унтвал ойлгох чадварт болон анхаарал төвлөрөлтөд сөргөөр нөлөөлдөг.
ж) Хичээл  давтах  орчин;
Зөөлөн ор, диван дээр эсвэл газар хэвтээд хичээл хийх нь унтах хүслийг төрүүлдэг. Өөртөө тохирсон ширээ, сандал дээр сууж хичээл давтаж хэвших хэрэгтэй. Хоолны ширээ зохимжтой бол ашиглаж болно. Хичээл хийж байхад таны эсрэг хананд анхаарал сарниулах зураг хөрөг, плакат байж болохгүй. Ном, дэвтэр дээр сүүдэр тусахгүй байхаар гэрлээ байрлуулах хэрэгтэй.
з) Түгшүүр;
Зарим эцэг эхчүүд хүүхдээсээ их юм хүсч шахалт үзүүлдэг. Түүнийг сайн сурахыг хүснэ. Сүүлдээ хүүхдээс хүсэх зүйл нь маш том болж жижигхэн амжилтыг нь ч харахаа болино. Хүүхэд хүссэн зүйлд нь хүрч чадахгүй болохоороо түгшүүр дарамттай болж эхэлдэг. Бага зэргийн түгшүүр бол сайн. Харин хэтэрхий айдас түгшүүр нь оюуны хөдөлмөрт муу нөлөө үзүүлдэг.
    Судалгаагаар шалгалтад орох гэж байгаа зарим сурагчдын түгшүүр, мэс засалд орох гэж байгаа хүмүүсийн түгшүүрээс илүү байгааг тогтоожээ. Тэгэхээр үнэхээр их айдас түгшүүр нь сурахад муугаар нөлөөлдөг байна. Хэтэрхий түгшиж санаа зовох байдал нь сэтгэн бодохыг саатуулдаг. Тухайн хүүхэд хэчнээн давтсан ч гэсэн их түгшиж санаа зовсноосоо болж шалгалтандаа амжилт үзүүлж чадахгүй бүх зүйлийг хольж хутгадаг.

НЭГЭН ТҮҮХ
-    Өглөөний мэнд, юу хийж байна?
-    Далайн давлагаанд эрэг дээр шидэгдсэн далайн оддыг усанд эргүүлэн шидэж байна.
-    Яагаад?
-    Нар хөөрч ус татарч байна. Хэрэв тэднийг усанд хийхгүй бол үхэцгээнэ.
-    Гэвч энэ урт эргийн дагуу дүүрэн далайн од байна шүү дээ. Усанд тавилаа ч гэлээ хэдийг нь тавьж амжих билээ? Юу ч өөрчлөгдөхгүй.
Хүү гартаа барьсан нэгэн далайн одыг ус руу шидээд,
-    Хар даа, түүний хувьд маш их юм өөрчлөгдлөө шүү дээ!
гэлээ.
Далайн оддын олныг харж юу ч өөрчлөгдөхгүй гэж бодохын оронд нэг нэгээр ус руу шидэж өөрчлөх нь илүү дээр биз ээ!

Шалгалтад дунд зэрэг давтсан сурагч их түгшиж сандардаг. Харин их сайн давтсан, ерөөс давтаагүй сурагчид сандарч тэвдэггүй.
Гэнэт утас дуугарч хагас цагийн дараа танайд зочин ирэхээр боллоо. Юм бэлдэх шаардлагатай болж та сандран тэвдэнэ. Кекс хийхийг хүсэх боловч хөөдөггүй.
Та гэнэт хуралд орохоор боллоо. Хуралд дээр танилцуулах хэрэгтэй зүйлсийг бэлтгэх гэж сандарна, гэвч гар хөл чинь эвлэж өгөхгүй, та танилцуулахыг хүссэн зүйлээ тайлбарлаж чадахгүй болно. Бүгдийг нь нэг нэгэнтэй нь хольж хутгана.
Дээрх хоёр жишээ хүмүүсийн үргэлж хийдэг ажилдаа амжилтгүй байдал гаргаж байгааг харуулж байна. Энд амжилтгүй болсон шалтгаан бол кекс хийж мэдэхгүйдээ биш, анх удаа хуралд оролцож байгаадаа биш, ердөө сандарч түгшсэн байдлаас л болсон юм.
Хүүхэд их түгшүүртэй санаа зовсон байх үед түүнд "Их давт", "Сайн давт" гэж хэлснээр амжилтыг нь нэмэгдүүлэхгүй. Түгшүүрийг ч багасгахгүй. Тиймээс эхлээд хүүхэд тайвширч дарамтаас салах ёстой.
Тайван болгох ёстой гээд бүр налгар байлгаж болохгүй. Учир нь "санаа зовдоггүй" гэж нэрлэгдэх хүүхдүүдийн хувьд хичээл дээрээ муу оноо авдаг, хичээлдээ хоцорч ирдэг бөгөөд юуг ч үл тоодог. Юунд ч санаа зовохгүй болохоор шалгалтын асуултад хариулах ч мэдлэггүй байдаг. Ийм хүүхдүүдэд эцэг эх нь жаахан шахалт үзүүлэх хэрэгтэй юм.
Санаа зовох байдал хэр байх хэрэгтэй вэ? Хүүхэд зурагтаар хамгийн дуртай цуврал киногоо үзнэ. Тэр үедээ хүүхэд ингэж бодох ёстой: "Энэ миний амьдралд ямар ашигтай вэ? Хичээлээ хийх үү, киног үзэх үү?
Эцэг эх нь юу ч хэлээгүй байхад хүүхэд явж хичээлээ хийж байвал санаа зовсны шинж юм. Тэгвэл түүнд санаа бүү зов. Тэр заавал амжилт үзүүлэх болно.

Г-  Горьдлого  бүү тасар,  шийдэмгий  бай
    Хэцүү санагдаж буй хичээлээ давтахаа орхиж болохгүй. Тэр хичээлд зарцуулах цагийг дуустал давт.
Хамгийн нөлөөтэй сурах арга бол ангид сурах явдал байдаг. Хичээл дээр ойлгоогүй зүйл гарвал багшаасаа асуун ахин тайлбарлуулж ойлгох хэрэгтэй.
Өдөрт хэр зэрэг, яаж хичээл хийх хэрэгтэй вэ?
Тархины хүчин чадлыг харахад, хийсэн зүйлээсээ хамгийн өндөр үр өгөөжийг авахын тулд; 45 минут хичээл давтаж, 5 минут давтсан хичээлээ ахин нэг харж, 10 минут завсарлахад хангалттай байдаг байна. Ийм аргаар давтах хэрэгтэй.
Хичээл давтах хугацаа нь хичээлийн сэдвийн хүнд ба хөнгөнөөс шалтгаалж болно. 10 минут амрахад бие тавирч, оюун ухаан сурсан зүйлсийг бататгасан байдаг.

Өдөрт 3 удаа 50 минутаас багагүйгээр хэчнээн ч сууж давтаж болно.
"Амжилтад хүрч чадаагүй хүмүүсийн 90% нь ялагдсан бус, ердөө бууж өгсөн байдаг".
Их сургуульд сурч байхад минь хөрш айлуудын хүүхдүүд байдаг байлаа. Гурвуулаа дунд сургуулийн хоёрдугаар ангид сурдаг байв. Хөршүүд маань тэдний хичээлийг давтуулахын тулд биднээс тусламж гуйв. Бид танай хүүхдуүд бичиж давтвал өөрөөр хэлбэл "Өдөрт давтах хичээлийн дэвтэр" гаргаж давтвал давтуулж чадна гэлээ. Эхлээд хүүхдүүдэд өдөр болгон үзсэн хичээлээ ахиад дэвтэртээ бичих хэцүү санагдаж байв, гэхдээ тэд хийсэн. Нэг жилийн дараа энэ хүүхдүүдийн нэг нь Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай ахлах ангид элсэн орсон. Энэ давтах аргаар явсан нөгөө хүүхдүүдийн нэг нь Босфорын Их Сургуулийн Компьютерийн инженерийн ангид элссэн. Одоо тэр Америкт маш өндөр цалинтай ажиллаж байна. Нөгөө нь Ойрхи Дорнодын Техникийн Их сургуульд орсон. Одоо Америкийн   нэгэн их сургуульд "Эрдэмтэн"-ээр ажиллаж байна.
Гурав дахь нь Билкэнт Их сургуулийн математикийн ангид маш өндөр оноогоор элссэн бөгөөд улсын тэтгэлгээр сурдаг. Тэр ч бас одоо нэгэн сайхан их сургуульд ажиллаж байна.
Ийм системээр хичээл давтсан хүүхэд амжилтад илүү амархан хүрч байна. Та нарт олон сайхан амжилтын тухай жишээ татаж болно. Гэхдээ та нараас хүсэх нэгэн зүйл байна, хэрэв энэ номыг уншсаны дараа хэрэв хичээл сурлагад чинь өөрчлөлт гарч байвал надтай холбоо бариарай. Хэрэв энэ системээр давтаж чадвал, итгээрэй, маш том амжилт олох болно шүү. Таны амжилтын түүхийг ч бас би дараагийнхаа номонд бичихэд таатай байна.
"Хэрэв эгц өөд гарахад хөлс дусаагүй бол, дараа нь тэр дусаагүй хөлс чинь доошоо буухад нулимс болж хувирах болно" гэдгийг бүү мартаарай.
Дуслах ус чулууг цоолно.
Алхах чармайлт уулыг давна.

Тэгэхээр горь тасалж  "Өдий хүртэл ийм л байсан, ийм л байх болно" гэж бүү бод. Үүнээс хойш маш ихийг өөрчилж болно. Одоо зөвхөн шийдвэрээ гаргаад эхэл. Та хөдөлмөрлөж эхэл, их зүйл өөрчлөгдөхийг харж өөртөө итгэж ядна.

Дүгнэлт:
Сурагч хүн амжилт гаргахын тулд үүнд анхаараарай.
•    Багштайгаа нүдний харилцаа тогтоо.
•    Урд суу.
•    Хичээл дээр багшийн тайлбарлаж буй зүйлийг анхааралтай сайн сонс.
•    Хэрхэвч хариуцлагаас зугатаж болохгүй.
•    Хичээл зааж байхад бус, цаг нь болохоор тохиромжтой асуулт тавь.
•    Багшийн тайлбарласан зүйлийг тэмдэглэж ав.
•    Идэвхтэй оролц.
•    Өдөрт давтах хичээлийн дэвтэр гарга.
•    Зурагт бага үз.
•    Тохиромжтой хөгжим сонс.
•    Зөв зохистой хооллож эрүүл мэнддээ анхаар.
•    Бичиж давт.
•    Хэзээ ч бүү ухар.
•    Сурсан мэдлэгээ ашиглаж сур.
•    Өмнөх сэдвийг одоо үзсэн сэдэвтэйгээ холбож сур.
•    Дэмий дэвтэр үзгээр оролдож биш, бүх анхаарлаа төвлөрүүлж багшийг сайн сонс.
                       
Танд амжилт хүсье.
Фатих Калкынч “Бага ангийн багш” сэтгүүлээс


Read more

Хичээл давтах үр өгөөжтэй аргууд

0 comments
Туркийн эрдэмтэн Фатих Калкынч хүүхэд хичээлээ ямар аргаар давтвал илүү үр өгөөжтэй болох талаар зөвлөснийг танилцуулъя. Эдгээр аргыг ашигласнаар хүүхдийн чадавх хоёр дахин нэмэгдэх боломжтой ажээ. 
Бид хүүхдүүдээсээ хичээл сайн давтаж амжилт үзүүлэхийг хүсдэг. Тэдэнд үргэлж  хичээл хий гэж хэлдэг боловч яаж давтахаа мэддэг эсэхийг нь огтхон ч боддоггүй.
    Яагаад хичээл хийх ёстой вэ?
Бид хүүхдүүддээ үргэлж “хичээлээ давт” гэх ба яаж хичээл давтахыг нь хэлдэггүй. Уг нь яаж хичээл давтах ёстой вэ гэсэн асуултаас өмнө яагаад хичээл хийх хэрэгтэй байдаг юм бэ гэсэн асуултад хариулт олж, тэдэнд үүнийг тайлбарлаж өгөх ёстой юм. 

        Үргэлж давт, давт... Дөнгөж сургуульд орж байгаа хүүхдэд хүртэл тодорхой хугацааны дараа хичээл хийх нэг арга зам биш зорилго болгож эхэлдэг. Хичээлийг ойлгох биш, илүү сайн дүн авах гэж давтдаг. 

    Нэгдүгээр ангийн сурагч Онур нэгдүгээр улирлын амралтаа дуусаад хоёрдугаар улиралд хичээлдээ явахгүй гэлээ. Эцэг эх нь яагаад гэж асуухад: “Би одоо бүх зүйлийг уншиж бичиж чаддаг болсон. Яагаад явах ёстой гэж” хэмээн асууна. 
    Хүүхдүүд яагаад хичээл хийдэг юм бэ? Сургуульд явах ёстой байдаг учир, эцэг эх нь тэгж  хүсдэг учир, орчин тойрны бүх хүмүүс сургуульд явдаг учир, боловсролтой хүн илүү сайн байдаг учир... гэх зэрэг шалтгаануудыг тоочиж болно. Гэхдээ энэ нь гол шалтгаан байж чадахгүй. Хэрэв хүнд нэг ажлыг хийхэд хангалттай шалтгаан байгаа бол түүнийгээ маш сайн хийдэг. 

    Та маргааш гэхэд  амжуулах ёстой маш чухал ажилтай байвал тэр шөнө нойр чинь хүрдэггүй, тийм  үү?  
    Хүүхдүүдэд яагаад хичээл хийх хэрэгтэй байдгийг тайлбарлаж, дэмжин хөөргөж хүслийг нь төрүүлж чадвал тэдэнд хэрхэн хичээл хийх хэрэгтэйг тайлбарлаад байх шаардлагагүй юм. Учир нь амжилт гаргахыг хүсч байгаа хүүхэд хичээлээ яаж хийхээ мэддэг. 
    Дөнгөж сургуульд орж байгаа хүүхэд ч бай, их сургуульд орж байгаа оюутан ч бай, бүх оюутан сурагчид энэ асуултын  хариултыг олох хэрэгтэй юм. “Яагаад би хичээл хийх хэрэгтэй юм бэ?” “Миний зорилго юу вэ?” “Зорилгодоо хүрэхийн тулд би яах ёстой вэ?” гэсэн асуултуудад хариулт авсан сурагч залхуу байна гэж байхгүй. 

    Хүүхдүүдэд яаж хичээл хийх хэрэгтэйг тайлбарлахаас өмнө хүүхдийнхээ ирээдүйн төлөвлөгөөг хамтдаа ярилц. Хэрвээ таны хүүхдэд хичээл хийх шалтгаан байхгүй бол мэдээжийн хэрэг хийхгүй. Хийж чадах ч үгүй. 
    Нэг сурагчаас “Эцэг эх чинь чиний төлөө юу юу хийж байгааг харж байна уу. Бүхнээ зориулж байна. Чиний төлөө бүх л нөхцөлийг бүрдүүлсэн байна. Харин чи яагаад хичээлээ хийдэггүй юм бэ?” гэхэд сурагч “Би хичээл хийлээ гээд юу болох юм” гэсэн юм.
     “Миний аав хичээл хийдэггүй байсан гэсэн, зөвхөн дунд сургуулийг төгссөн. Гэвч одоо түүний удирдлага дор зөндөө олон их сургууль төгссөн хүмүүс ажилладаг юм” гэжээ.

    Толгойдоо ийм бодолтой хүнийг хэзээ ч хичээлийг нь хийлгэж чадахгүй.  Хүсвэл түүнд хувиараа гэрийн багш хөлсөл, оройжингоо тусгай хичээл аваг.  Зөндөө их мөнгө зарцуул... Энэ бүгдийг хийлээ ч тэр хүүхдийн сурлагад ахиц гарахгүй. Учир нь хичээл хийх шалтгаан байхгүй байна шүү дээ. 
    Харин зарим хүмүүст хөдөлмөрлөхөд маш олон шалтгаан байдаг. Энэ шалтгаанууд нь тэднийг ихэнх хүмүүсийн төсөөлөөгүй өндөр амжилтанд хүргэдэг.

    Олон жилийн өмнө Туркийн Трабзон мужийн Чаякара хотхонд нэгэн хүү амьдардаг байжээ. Том болоод түүний хийх ганц зорилго бол “Шарсан мах ханатлаа идэх!” байв. Яагаад гэхээр тэднийх их ядуу айл байжээ. Бага орлоготой учир дунд сургуульд сурахад ч хэцүү байв. Лицейгээ төгслөө гэхэд гэрийнхэн нь их сургуульд явуулах чадалгүй гэнэ. Аав нь маш их өртэй юмсанжээ. Нэгэн өдөр гэрт нь нэг хүн ирэв. Үлдсэн ганц хогшлыг нь авахаар ирсэн шүүхийн тогтоол гүйцэтгэгч байна гэтэл шуудан зөөгч байлаа. Шуудан зөөгчийн авчирсан дугтуйнаас их сургуулийн шалгалтын хариу гарч ирлээ. Цаасыг хартал шалгалтандаа тэнцсэн байсан ба бүр улсад нэгд жагссан байв.
    Их сургуульд улсын зардлаар суралцжээ. Төгсөөд Америкт уригдсан байна. Олон жил Америкт байж байгаад Туркэд ирээд олон төрийн байгууллагад алба хашжээ. Одоо хүртэл түүний нэрийг дурсахад хүмүүс хүндэтгэл үзүүлдэг. Маш ухаантай ажилсаг хүн гэж ярьдаг.
Автомашины осолд ороогүй байсан бол энэ улсын төлөө их юм хийх байсан гэдэг. 


    Бага байхдаа зөвхөн ханатлаа шарсан мах авч идэх мөнгөтэй болохыг мөрөөддөг байсан Аднан Кахвэжи том болоод нэг улсын сангийн сайд болж бүхэл бүтэн улсын мөнгийг мэдэлдээ авч байсан юм. Юуны учир тэр вэ? Их хөдөлмөрлөсний ачаар. Аднан Кахвэжид хөдөлмөрлөхөд хангалттай шалтгаан байсан юм, яагаад хичээл хийх хэрэгтэй вэ гэдгийг мэдэж байсан юм.

    Эцэг эхчүүд минь, хүүхэддээ “Алив миний хүү хичээлээ хий” гэж хэлэхээс өмнө түүнтэй  “Яагаад хичээл хийх хэрэгтэй“ талаар ярилц. Таны хүүхдэд хангалттай шалтгаан байвал, түүнд “Хичээл хий” гэж хэлэх шаардлага гарахгүй. Хоолны дараа удаан суух, зурагт их үзэх зэргээсээ өөрөө татгалзан “Би хичээлээ хийх ёстой” гэсэн эрч хүчээр босоод хичээлээ хийхээр явна.

    Идэвхтэй сонсох

    Сурахад хичээлийг хичээл дээр мэдэж авах нь хамгийн гол нөлөө байдаг. Үр өгөөжтэй хичээл хийх, хичээлдээ амжилт гаргах, гүйцэтгэх чадвараа хамгийн өндөр төвшинд гаргах үндэс нь идэвхтэй сайн сонсох байдаг. Хичээлийг идэвхтэй сонсохгүй бол сурч мэдэж чадахгүй, сурч мэдэж чадахгүй бол амжилт гаргаж чадахгүй.

    Идэвхтэй сонсох дүрэм

•    Ярьж байгаа хүнийхээ нүд рүү нь харж харилц

Хүүхдүүд заримдаа хичээл дээр өөр юм хийх буюу найз нөхөдтэйгээ ярьснаар анхаарал нь сарнидаг.  Багшийнхаа нүүрний хувирал, хөдөлгөөнийг харахгүй зөвхөн дууг нь сонсоно. 
    Хичээлийг анхаарахдаа багшийнхаа нүд, амыг харж нүдний харилцаа тогтоо. 
Бид:
    Уншсан зүйлийнхээ 10% -ийг 
    Сонссон зүйлийнхээ 20%-ийг
    Харсан зүйлийнхээ 30%-ийг
    Хараад сонссон зүйлийнхээ 50%-ийг
    Хэлсэн зүйлийнхээ 80%-ийг
    Хөдөлгөөн үйлдлээр үзүүлж хэлсэн зүйлийнхээ 90%-ийг санадаг.
                                                                   
•    Ангидаа урд суу

    Ялангуяа хамгийн хойно суух нь, яваандаа хичээлдээ муудах болон хичээлээс хөндийрөхөд хүргэдэг. Тиймээс урд юм уу урдхан ширээнд суух хэрэгтэй. Долоо хоногоор солигдож урд суу. Ингэснээр жилийн эцэст урд, ард ч биш, ангидаа бүх газар сууж үзсэн байх болно.

•    Зөвхөн багшийг сонс

    Хичээл дээр багштайгаа хамт бай, эргэн тойронд байгаа найз нөхдийгөө сонсох биш зөвхөн багшийгаа сонс. Яагаад? Ямар ч хүн ярьж байхдаа сонсож чаддаггүй. Бусадтай ярьснаар өөрөө ч тэр хичээлээс үр өгөөж авахгүй, багшийнхаа хэлснийг ойлгож чадахгүй өнгөрдөгөөс гадна эргэн тойрны найз нөхөддөө ч нөлөөлж тэдний бүтээмжийг бууруулдаг.

•    Сонсох зөв хэлбэр

    Хичээл сонсоход баясгалантай царай их чухал байдаг. Багш хэр инээмсэглэж ярина тэр хэмжээгээр хүүхдүүдийн анхаарлыг татна.
    Германы эрдэмтдийн хийсэн нэгэн судалгаа байдаг. Нэгэн сайн багш хичээлээ урьдынх шигээ сайн бэлтгэж ирсэн байлаа. Тэгээд хичээлээ заахдаа огт хошигнож инээлгүй, баргар царайтайгаар тайлбарлажээ. Хичээлийн дараа тухайн үзсэн хичээлээр шалгалт авахад амжилтын дүн 60%-тай гарав.
    Дараа нь ахиад нөгөө багш хичээлд орохдоо хүүхдүүдэд: "Бүгд амандаа нэг нэг бал зуугаарай" гэв. Тэгээд хичээлээ зааж эхэллээ. Хичээлийн дараа шалгалт авахад амжилтын дүн 70%-тай болсон байлаа.
    Үр дүн: Амандаа ямар нэгэн байдлаар бал зуухад амны хоёр булан бага зэрэг дээшлэнэ. Бие махбодийн хувьд бага зэрэг инээж байгаа мэт хэлбэртэй болно. Чин сэтгэлээсээ инээхгүй ч гэсэн бие махбодийн хувьд ийм өөрчлөлт хүртэл тайлбарлаж байгаа зүйлийг ойлгоход бидэнд илүү дөхөм болдог байна.

    Маш сайн бэлтгэлтэй боловч хичээлийг баргар царайтайгаар тайлбарлаж байгаа багшийн хичээлд сурагчдын амжилт 60%-тай байхад, амандаа бал зууж сонссон сурагчдын амжилт 70%-тай гарлаа.
    Туршилтын 3 дахь шатанд, багш хичээлд орлоо. Хичээлийг ном ёсоор нь заах боловч баясгалантайгаар тайлбарлав. Хичээл дээр 15 минут тутамд хошигнон хүүхдүүдийг инээлгэж, тэднийг хичээлийн стресстэй орчноос холдуулж байлаа. Сэдвээс хазайхгүйгээр хичээлээ цааш үргэлжлүүлэв. Хичээлийн дараа сэдэвтэй холбоотой шалгалт авахад сурагчдын амжилтын дүн 80%-тай гарсан байв.
    Үр дүн: Хүүхдүүд хичээлдээ амжилтаа ахиулахын тулд инээмсэглэн сонсох нь     их чухал байдаг гэдгийг харуулж байна.

    Туулай   ба   яст  мэлхий...

    Нэгэн өдөр туулай яст мэлхийг хоёулаа уралдъя гэлээ. Яст мэлхий туулайг өөрөөс нь илүү хурдан гэдгийг мэдсээр байж "за" гэв. Уралдаж эхэллээ. Туулай яст мэлхийний удаан хөдөлгөөнийг хараад "Алив чамд жаахан хугацаа олгоё" гэлээ.
    
Туулай тухлан сууж лууван, байцаа идэнгээ нүднийхээ булангаар яст мэлхийг харж байлаа. Яст мэлхий алхсан хэвээрээ. Дараа нь туулай бусад найзуудтай тоглож, ярьж гэнэ. Энэ зуур яст мэлхий хожино гэсэн итгэлтэйгээр урагшаа тэмцсээр л байв. Яст мэлхий маш удаан хөдөлж байгаа болохоор туулай бүр модны ёроолд унтахаар хэвтлээ. Тэгээд нэг сэрээд хартал яст мэлхий барианд ороход дөхсөн байв. Туулай "Хүүе, бушуухан гүйцэе" гээд гүйсэн боловч амжсангүй. Яст мэлхий аль хэдийн барианд орчихсон байлаа.
     Туулай "Алив хоёулаа ахиад уралдъя", "Чамтай мянган удаа уралдсан ч би
түрүүлнэ" гэлээ. Яст мэлхий инээмсэглэн "Харамсалтай байна, туулайхан минь, түрүүг авсан яст мэлхий Хараа голыг гатлаад өнгөрсөн, чи явж өөр газар уралд" гэж хэлээд туулайтай уралдсангүй. Уралдааны түрүү магнай хэвээр үлдлээ.

     Шалгалтад бэлтгэдэг сурагчдын дунд их ухаантай бөгөөд их давтдаг, жирийн ухаантай ч маш сайн давтдаг, өөрийн толгойдоо бардамнаж ерөөс давтдаггүй сурагчид байдаг. Ер нь маш ухаантай ч хичээл давтдаггүй сурагчид өөрийгөө өөрөөсөө дутуу ухаантай хүүхдүүдтэй харьцуулдаг. Яасан ч байсан тэднээс илүү амжилт үзүүлнэ гэж боддог. Гэвч мартагддаг нэгэн зүйл байдаг. Өрсөлдөгч яст мэлхийний адилаар хөдөлмөрлөсөн хүн шалгалт ойртоход зорилгодоо тун ойртсон байдаг. Тэгвэл өөрийнхөө ухаанд бардамнаж сайн давтаагүй хүн шалгалт ойртоход дөнгөж замынхаа эхэнд явж байдаг.

    Гоц ухаантай хүмүүс амжилт гаргахдаа 10%-д ухаан зарцуулж, 90%-д нь хөдөлмөрлөдөг байна.

    Хэрэв та хөдөлмөрлөхгүй, өөрийн байдлаа илүү сайн илэрхийлэхийн тулд хичээхгүй бол яст мэлхий шиг харагддаг бүх хүмүүс таныг гүйцэх болно. Туулай ба яст мэлхий хоёрын түүхийг өөрсдийн амьдрал дээр туулахыг хүсэхгүй л байгаа бол үр өгөөжтэй ажиллах арга барилыг мэдэж сурах хэрэгтэй.

"Гантиг чулууг цоолсон нь усны хүчинд бус, дуслуудын дуслах байнгын хөдөлгөөнд байгаа юм."


Read more

Сагс урлах

0 comments

Цаасаар хүүхдүүд сагс хэрхэн урлаж сурах аргачлалыг танилцуулж байна. Энэ аргаар цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдүүд эцэг эх эсвэл багштайгаа хамтран, мөн бага ангийн сурагчид ч өөрсдөө урлан бүтээж болох юм.

Хэрэглэгдэх зүйлс: 
•    Улаан, шар, хөх өнгийн цаас
•    Хайч
•    Цавуу


  Хийх заавар: 



Улаан өнгийн цаасаар 1 см-ийн өргөнтэй 3 ширхэг тууз хайчилж, зэрэгцүүлж тавина.


     
Шар өнгийн цаасаар мөн 1 см өргөнтэй 3 тууз хайчилж, зурагт үзүүлсний дагуу улаан өнгийн туузны дундуур сүлжинэ.



Сагсны ёроолын хэсгийг цавуугаар наана. Дараа нь хажуу талын туузуудыг дээш нь нугална.




 Хөх  өнгийн цаасаар нөгөө туузуудтай ижил өргөнтэй тууз хайчилж, зурагт үзүүлсний дагуу сагсаа тойруулж сүлжинэ.




 Сүлжсэний дараа үзүүрийг нь нааж бэхэлнэ. Дээд талын үеүдийг өмнөхтэй адил сүлжинэ.




Шар өнгийн хоёр туузыг хооронд нь хавсарч наагаад сүлжсэн сагсныхаа хоёр хажуу ирмэгт нааж, бариул хийнэ.


Read more

Асуултыг үр дүнтэй ашиглах нь

0 comments

Асуултыг үр дүнтэй ашиглах зөвлөмж
Орчин үеийн сургалт нь суралцагчдын төрөлхийн оюун сэтгэхүй, авьяас чадвар, хувийн туршлагад шууд тулгуурлан тэд өөрсдөө жинхэнэ ёсоор хөгжиж, тодорхой бүтээл шийдэл гаргаж байх, багш­-сурагч, сурагч-сурагч, сурагч-өөртэйгээ, сурагч-нийгэмтэй харилцах харилцааг ардчилсан үзэл санаанд зохицуулдаг сургалт юм. Сургалтын арга зүйн шинэчлэл бол сурагчдыг мэдлэг эзэмших арга барилд сургах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, мэдлэгийг нь чадвар дадал болгоход чиглэгдсэн үйл ажиллагаа байдаг. Энэхүү үйл ажиллагааг бид хичээлээр хэрэгжүүлдэг билээ.
Хичээл дээр яагаад асуулт тавьдаг вэ?
Асуулт суралцагсдын суралгад тус дэм болдог уу? Асуулт тавих чадвар нь хичээл амжилттай болох эсэхийг тодорхойлдог. Асуултууд хичээлийн сэдэв дээр сурагчдын анхаарлыг төвлөрүүлж, санаа бодлоо эмхлэхэд нь дөхөм болж багш нар, сургалтын үр дүнгээ үнэлэхэд тустай байдаг. Зөв тавьсан асуултууд бодох чадварыг хөгжүүлж, ярианд нэмэр түлхэц болохоос гадна сурагчдын мэдэх хүсэл тэмүүллийг хөгжөөж, нөгөө талаар хэлэлцэж буй асуудлаар өөрийн санал, үзэл бодлоо илэрхийлэхэд тус болдог. Иймд багш нар хичээл дээрээ тавьж буй асуултандаа анхаарч, нөхцөл байдлыг задлан шинжилсэн, өдөр тутмын амьдралдаа хэрэглэж болохуйц, сурагчдын чадварыг дээшлүүлэх асуултууд тавих хэрэгтэй.

Асуулт тавихдаа анхаарах зүйл:
  • Асуултаа урьдаас сайтар бодож бэлдэх
  • Таны асуултууд төлөвлөсөн үр дүнд чиглэсэн үндэслэлтэй байх
  • Задлан шинжлэх нэгтгэн дүгнэх, үнэлэх арга замаар хариулт өгөхийг шаардсан хүнд хөнгөн асуултууд тавих
  • Асуулт тавихдаа хариултыг хамтран хэлэлцэхийг сурагчдаас хүсэх
  • Сурагчид бие биенийхээ хэлснийг анхаарч, хариу өгдөг байхыг тэднээс хүсэх
  • Асуулт тавиад хариултыг тэвчээртэй хүлээх
  • Дуу цөөнтэй, ичимхий хүүхдүүдийг ярианд татан оролцуулах
  • Аливаа үзэл бодлыг зөвшөөрөх буюу няцаахаасаа өмнө түүнийг ойлгохыг хичээх
  • Санал болгосон асуудлыг үр дүнтэй хэлэлцэх санаачлагыг өрнүүлэх
  • Бусад сурагч нартаа асуулт тавихыг сурагчдаас хүсэх буюу хоорондоо санал солилцох явдлыг дэмжих
Асуултын янз бүрийн хувилбар байж болох юм. Үүнд:
Нэмэлт нотолгоо шаардсан асуулт
Жишээлбэл: Үүнийг та хаанаас мэдсэн бэ?

· Тодруулга шаардсан асуулт

Жишээлбэл: Та үүнийг өөрөөр хэлж чадах уу?

· Холбоог нь тогтоохыг шаардсан асуулт
Жишээлбэл: Доржийн хэлсэн дээр нэмж хэлэх юу байна вэ?

· Сурагчид бие биенийхээ хэлсэн зүйлийг анхааралтай сонсохыг шаардсан асуултЖишээлбэл: Дулмаа, чи Доржийн хэлсэнтэй санал нийлж байна уу?

· Таамаглал шаардсан асуулт.
Жишээлбэл: Хэрэв Гитлер 1941онд ЗХУ-д довтлоогүй бол дэлхийн 2-р дайн хэрхэн төгсөх байсан бол оо?

· Шалтгаан үр дагаврын холбоо бүхий асуулт
Жишээлбэл: Хэрэв энэ хууль батлагдвал нийгэмд ямар нөлөө үзүүлэх вэ?

· Нэгтгэн дүгнэхийг шаардсан асуулт

Жишээлбэл: Өнөөдрийн хичээлийн гол зорилго юу байсан бэ?
Сурагчдад өгөх сурган хүмүүжүүлэх зөвөлгөө

Танд тустай хором...
Цагийг ашигтай өнгөрөөх хамгийн сайн аргууд:

  • Өглөө бүр “Би өнөөдрийн хийх ажлын төлөвлөгөөгөө гаргасан билүү?”Орой болгон “За өнөөдөр би цагийг үр бүтээлтэй өнгөрөөж чадсан билүү?” гэж өөрөө өөрөөсөө олон дахин асуу.
  • Хийх зүйлүүдээ хамгийн чухлаас нь эхэлж жагсаа.
  • Цаг хугацааг бүрэн ашиглахын тулд юуны өмнө өөрийн бодол санаа, зорилгоо тодорхойлж өөрөө өөрийгөө удирдах чадвартай байх ёстой.
  • Хэрэггүй зүйлд цаг хугацаагаа бүү зарцуул, ашиггүй зуршил дадлаасаа салах хэрэгтэй.
  • Хоёр буюу гурван ажлыг нэг доор амжуулахыг хичээ.
  • Тэмдэглэлийн дэвтэртээ цагийг хождог ба алддаг зан харьцаа болон үйл хөдлөлөө тэмдэглэх хэрэгтэй.
  • Эхэлсэн ажлаа хойшлуулахгүйгээр дуусгахыг хичээгээрэй. Хойшлуулалт хязгааргүй минут, цаг, өдрийг үрэх болно.Ажлаа яг цагтаа   эхэлбэл амархан дуусах болно.
  • Хамгийн чухал ажлаа хамгийн үр бүтээлтэй байдаг цагтаа хийхийг хичээгээрэй.
  • Хоосон яриа болон цайны цагийг аль болох багасгаж үүндээ шийдвэртэй бай
Гэрийн даалгавар хийхдээ анхаарах зүйлс...
  1. Даалгавар бүр нь мэдлэг, чадварын тодорхой нэг төвшинд хүрэх зорилго чиглэлтэй байна
  2. Гэрийн даалгаврыг заавал хийж гүйцэтгэх эрмэлзэлтэй байх /Багш таны хийсэн зүйлийг заавал үнэлэх болно.
  3. Хийх хичээлийнхээ даалгавруудыг жагсаан бичих.
  4. Өөрт байгаа цагийг зөв хуваарилах.
  5. Даалгавраа хийх хүсэл эрмэлзэлтэй байх.
  6. Хийх зүйлдээ анхаарлаа бүрэн төвлөрүүлэх.
  7. Даалгавар хийх явцад хөгжим сонсох, телевиз үзэх, компьютер тоглох зэргээс хол байх.
  8. Мэдэхгүй зүйлийн жагсаалтыг гаргаж багш, эцэг эх, найзуудаасаа асууж туслалцаа авах.
  9. Ямар ч хичээлийн даалгаврыг хийхэд маш сайн уншиж ойлго.
  10. Өөрийн хамгийн сайн хийж чадах зүйлээсээ эхлэх хэрэгтэй.
  11. Хөнгөнөөсөө хүнд хэлбэрийн даалгаварыг хийвэл урам зоригтой байх.
  12. Далгавараа хийснээр өөрийн мэдлэгийн цар хүрээгээ нэмэх.
  13. Маргааш хийнэ гэж хэзээ ч бүү хойшлуул.
  14. Өөрт байгаа нөөц бололцоогоо бүрэн дайчилж сэтгэлээсээ хандах.

Мэргэжлээ зөв сонгоцгооё


Мэргэжил сонгоход анхаарах зүйлс:
Мэргэжил сонгох гэдэг хүний амьдралын хамгийн чухал шийдвэрүүдийн нэг билээ. Учир нь хүн ямархуу амьдралаар амьдрахаа энэхүү шийдвэрийг хэрхэн гаргаснаар давхар сонгох болно. Тиймээс өөрөөсөө эхлээд “Би аль ажлыг сайн хийж чадах вэ?” хэмээн асуух хэрэгтэй

Хүн мэргэжлээ сонгохдоо дараах асуултуудыг өөрөөсөө асуух хэрэгтэй
Тухайн мэргэжлийн онцлог юу вэ?
  1. Энэ мэргэжлээр ажиллаж буй хүмүүс ажиллах хугацаандаа юу хийж гүйцэтгэдэг болон наанаа харагдаж байгаа бус цаанаа чухам ямар ажиллагаатай болохыг судлах
  2. Ажиллах орчин ямар вэ?
  3. Тухайн мэргэжилд аюултай орчин гэж бий юу? Ажлын орчин хэр болохыг? Гадаа эсвэл байнга дотор ажилладаг уу?
  4. Энэ мэргэжлийг эзэмших сургалтын хугацаа хэр урт вэ?
  5. Сургуулиа төгсөөд өөр ямар нэг нэмэлт бэлтгэл хийх шаардлагатай эсэх
  6. Уг мэрэгжилээр ажиллахын тулд шаардагдах онцлогууд
  7. Нас, хүйс, нуруу, жин болон гадаад байдалтай холбоотой онцлог гэж бий юу?
  8. Тухайн ажилд орох – тэтгэвэрт гарахтай холбоотойгоор уг мэргэжилд хэрхэн ордог вэ? Шалгагдаж, томилогдож, хувийн оролдлогоор орох уу? Хэдэн настай хүн хийхэд тохиромжтой болох? Нийгмийн даатгалтай эсэх?
  9. Мэргэжлээрээ дэвших
  10. Тухайн мэргэжлээр дэвших нь юутай холбоотой вэ? Ажиллахтай юу? Албан тушаалтай юу? Уг мэргэжлээс өөр ажил уруу орж болох уу?
  11. Тухайн мэргэжлийн эерэг болоод сөрөг талууд
  12. Уг мэргэжлээр ажиллагсадын хамгийн их тулгардаг бэрхшээл болон эерэг тал нь юу вэ? Уг мэргэжлийг хүмүүс хэр хүндэлж үздэг болох
  13. Ажил олох боломж
  14. Таны сонгох гэж буй мэргэжлийн эрэлт хэрэгцээ хэр их байна? Таны амьдарч буй бүс болон улиралтай холбоотой тал бий юу? ажил олдох нь амархан уу? Уг мэргэжилийн эрэлт хэрэгцээтэй холбоотойгоор нэмэгдэх эсвэл багасах талаар ямар нэг яриа байгаа эсэх? Төрийн болон хувийн байгууллагт ажиллах боломжоос гадна хувиараа ажиллах боломж хэр байгаа вэ?
  15. Тухайн мэргэжлийн орлого
  16. Уг мэргэжлээр ажиллагсадын орлого хэр байгаа вэ? Орлого долоо хоногоор, сараар, улирлаар эсвэл жилээр гэж өөрчлөгддөг эсэх? Уг мэргэжлээр ажиллаж байгаа хүмүүсийн орон нутгийн онцлог шинж чанараас шалтгаалсан орлогын ялгаатай байдал бий юу?
Шинэ ертөнц сэтгүүлээс...

“МУУ ЗҮЙЛ ХИЙХ НЬ ТАНЫГ ДАЙСНААС ТАНЬ ДОР БОЛГОНО. ХАРИН УУЧЛАХ НЬ ТАНЫГ АГУУ БОЛГОНО” .
БЕНЖАМИН ФРАНКЛИН


Read more

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 5-р ангийн сурах бичгүүд

0 comments
http://www.mecs.gov.mn/data/book/class5/2012/20120511_MATHEMATIK%20-%20V%20buleg%201-2.pdf


Read more

СҮҮЛД

0 comments
бөбөб

Read more