АНУ-ын Калифорни мужийн бага ангийн багш

0 comments
АНУ-д бага ангийн багш бэлтгэх үйл явц манайхаас их өөр. Тэнд жинхэнэ мэргэжлийн диплом авах хүртэл дор хаяж 8-10 жил зарцуулна. Учир нь Их сургуулиа төгсөөд манайх шиг шууд мэргэжлийн дипломоо авдаггүй, харин үүний оронд “Урьдчилсан диплом” гэх зүйлийг гардан авна. Ингээд АНУ-ын Калифорни мужийн бага ангийн багш болохын тулд ямар шалгуур давж, ямар сургалтанд хамрагдан хэдэн төгрөгийн цалин авдаг тухай танд хүргэе. 
Үндсэн шаардлага
Калифорни нь Америкийн Нэгдсэн Улсын баруун эрэгт оршдог бөгөөд хуурай газрын нутаг дэвсгэрээрээ АНУ-ын гурав дахь том муж улс юм. Тус муж улсад бага ангийн багш болохын тулд дараах шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд: 
•    Бага ангийн багш нь тухайн дааж авсан ангидаа олон төрлийн хичээл заах ёстой учраас “Олон төрлийн хичээл заах эрхийн үнэмлэх”-ийг заавал авсан байна.
•    5 жилийн хугацаанд хүчинтэй байх “Урьдчилсан диплом”-ыг аваад тус мужийн улсын сургуульд багшилна. 
•    Энэ 5 жилийн хугацаандаа багтаж “Мэргэжлийн диплом”- оо авсан байх ёстой. 

 “Урьдчилсан диплом” авах
 “Урьдчилсан диплом” авахын тулд тус мужийн Фрэсно хотын  Калифорнийн Их Сургуулийн “Олон төрлийн хичээл заах багшийг бэлтгэх” сургалтанд хамрагдана. Мөн  дараах бүх шаардлагуудыг  заавал хангасан байхаас гадна өгөх ёстой шалгалтууд бас бий. Үүнд:

1.    Бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх
2.   “Олон төрлийн хичээл заах эрх”-ийн үнэмлэх авах сургалтанд хамрагдаж, улсын сургууль дээрх дадлагыг амжилттай дүнтэйгээр хийсэн байх 
3.    Калифорни мужид мөрддөг  ерөнхий боловсролын тест өгсөн байх
4.    Англи хэлний мэдлэг, чадвар өндөр байх
5.    Унших чадварыг үнэлэх  шалгалт өгөх
6.    АНУ-ын хуулийн дагуу мужийн магадлан итгэмжлэгдсэн коллеж болон их, дээд сургуулийн сургалтанд суух, шалгалт өгөх 
7.    Өөрийн сонгосон хичээлээрээ шалгалт өгөх
8.    Компьютерийн үндсэн курсийг төгссөн байх

 “Мэргэжлийн диплом” авах 
Дээр дурдсанаар “Урьдчилсан диплом” нь зөвхөн 5 жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд энэ хооронд амжиж “Мэргэжлийн диплом”-оо авах шаардлагатай. Үүний тулд дүүргээс  баталгаажсан улсын болон хувийн сургууль, коллеж, их сургуулийн Мэргэжлийн багшийн сургалтанд хамрагдсан байна. Тус сургалт нь англи хэл заах арга, компьютер ашиглах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй харилцаж ажиллах,  сурагчдад эрүүл мэндийн боловсрол олгох зэрэг чиглэлээр хамгийн чанартай сургалтыг явуулдаг. 

Бага сургуулийн багшийн үүрэг
 Бага ангийн багшийн хамгийн гол үүрэг бол хүүхдэд хичээл заахаас гадна тэднийг хөгжүүлэх үүрэгтэй. Багш нар эцэг эхтэй уулзах, хичээлийн төлөвлөгөөгөө бичих, хурал цуглаанд оролцох гэх мэт маш олон төрлийн зүйлд цагаа зарцуулах хэрэгтэй болдог. 
Багшийн хийх ёстой ажлыг жагсаавал:
•    Хичээлийн төлөвлөгөөгөө бичих
•    Сурагчдын сурах үйл явцыг зөв үнэлэх зорилгоор тест боловсруулан түүгээрээ шалгалт авч, дүнг нэгтгэн анализ хийх
•   Сурагчдын нас бие, сэтгэхүйн онцлог, хэрэгцээ, сонирхолд нь нийцүүлэн хичээл заах арга зүйгээ хөгжүүлэх, хичээлийн хэрэглэгдэхүүнээ бэлтгэх
•   Сурагчдынхаа зан харьцааг засаж сайжруулах болон хичээлийн хоцрогдлыг арилгах үүднээс сургуулийн удирдлага, мэргэжлийн багш болон эцэг эх, асран хамгаалагчидтай уулзалт зохион байгуулах 
•    Сурагчдад сургуулийн захиргааны бодлого, сурагчдын дүрэм журмыг мөрдүүлэх  
•   Сурлагаар хоцрох магадлалтай сурагчдаас гадна оюуны өндөр чадавхитай хүүхэд болон тэдний эцэг эхэд зөвлөгөө өгч, зөв чиглүүлэх 

Бага ангийн багш хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?
Калифорни мужийн Хөдөлмөр эрхлэлт, Хөгжлийн Газраас гаргасан тушаалд тус мужийн бага ангийн багшийн 1 жилийн дундаж  цалин $48,850  (68,000,000 төг)  байна гэж заажээ. Тэгэхээр тус мужийн бага ангийн багшийн сарын дундаж цалин манайхаар бол 5,600,000 төгрөгтэй тэнцэх хэмжээний ам.доллар авдаг гэсэн үг. 
Бага ангийн багшийн цалин дунджаар нэг жилд $48,000-$57,000 байх бөгөөд шинээр ажиллах  багшийн хувьд $32,000 - $35,000,  харин хамгийн туршлагатай багшийн жилийн дундаж цалин $55,000 - $70,000  (77,000,000-97,000,000 төг) байдаг байна. 
Илүү дэлгэрэнгүйг доорх веб хуудаснаас үзэж болно.

Р. Баяр 
Эх сурвалж: http://www.fresnohub.com/elementary-school-teachers.html

Post a Comment